Орос улсад их, дээд сургуулиудын оюутнуудын элсэлтийн шалгалтууд өндөрлөөд байна. Буриад улсын Иволгины хийдийн дэргэдэх тус улсын цорын ганц Буддын шашны “Даши Чойнхорлин” их сургуулийн элсэлтийн шалгалт ч мөн өндөрлөсөн байна. “Шашны сругуульд Буддын шашны ном эрдэмд суралцах хүсэлтэй олон хүн ирдэг“ гэж тус сургуулийн гүн ухааны багш Ганжуур бидэнд ярьсан юм.

«Манай сургуульд элсэх хүсэлтэй хүн олон байдаг. Нэгдүгээр курст нийт 25 оюутан элсүүлдэг. Тэгтэл элсэлтийн шалгалтаар нэг хуваарьт 10 хүүхэд өрсөлддөг. Тэд бол буддын шашинд бүх насаа зориулахаар шийдсэн дунд сургуулийн төгсөгчид ч байдаг, бас насан хүрэгчид ч байдаг» гэж Ганжуур лам хэллээ.

”Даши Чойнхорлин” шашны их сургууль 1991 онд байгуулагдсан. Уг сургуулийг нээсэн нь Орос улсад буддын шашин сэргэн, хөгжсөнтэй, буддын шашны гүн ухааныг маш ихэд сонирхох болсонтой холбоотой төдийгүй, буддын шашны хийдүүдийг шинээр барьж байгуулахтай нягт холбоотой байсан.

Сургуулийн сурагч лам хуварагуудад олон төрлийн хичээл заадаг. Үүнд: буддын шашны гүн ухаан, түвд хэл, бичиг, хуучин монгол бичиг, бясалгалын үндэс, дорнын зурхай, угсаатан зүй, дорнын анагаах ухаан болон бурхны хичээл ном ордог. Үүнээс гадна ерөнхий боловсролын хичээлүүдийг бас үздэг.

«Манай шашны сургуульд суралцах нь  нилээд хүндхэн. Сургалтын хугацаа таван жил.Эхний хоёр жилд оюутнуудын тоо цөөрдөг. Хамгийн бэрхшээлтэй нь хэлний бэрхшээл байдаг. Манайх маш хатуу сахилга баттай сургууль. Сургуульд элсэн орсны дараа хуврагын сахил хүртдэг.

Ламын сахилыг бүрэн биелүүлнэ. 200 гаруй хязгаарлалт байдаг. Согтууруулах ундаа, тамхи зэргийг ерөөс хэрэглэхгүй. Хичээл өглөө эрт эхлээд оройн 7 цагт тардаг. Ачаалал маш их гэж Ганжуур лам ярьж байна.

Шашны сургуульд Буриад, Агийн Буриад болон Усть-Ордын үндэсний тойргуудаас, түүнчлэн Тува, Халимаг, Беларус, Балт орчмоос ирж суралцдаг. Энд буддын шашны лам нарыг төдийгүй буддын шашны,дорно-дахины судлаачдыг бэлтгэдэг. Мөн түвд, түвдийн анагаах ухааны мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.

«Монголоос багагүй тооны хуврагууд суралцаж байна. Бид нэг шашинтай,уламжлал, ёс заншил нэг . Хэл ойролцоо. Тиймээс монголчуудад манайд суралцхад хэцүү биш. Тэгээд ч тэд амжилттай сайн суралцдаг гэж Ганжуур лам тэмдэглэлээ.

“Даши Чойнхорлин” их сургуулийн оюутнууд Буриадын Иволгины хийдийн зэргэлдээ модон байшингуудад амьдардаг. Тэд хичээлийн бус цагаар Оросын буддын шашны бандид хамба ламын өргөө болох Иволгины хийдэд ирсэн гадны болон дотоодын жуулчдад үйлчилдэг. Тэд  маш сайн чадварлаг үйлчилдэг, яагаад гэвэл тэд маш их мэдлэгтэй.