Египетэд хүмүүс төдийгүй соёлын үнэ цэнэт зүйлүүд үймээний золиос болж байна. Түйвэн бусниулагчид христийн сүм хийдийг шатааж, Александрия хотод Үндэсний музейг дээрэмдэхийг оролдов.

Үймээн улс орон даяар гаарсан учир Египетэд онц байдал тогтоов. Зарим бүс нутагт хөл хорих цаг тогтоосон юм. Онц байдал тогтоосон нөхцөлд арми цагдаагийн хүчинтэй хамт радикал лалынхны эсрэг тусгай ажиллагаа явуулах эрхтэй юм.

Александрия дахь Үндэсний музейд нэвтрэхийг түйвэн бусниулагчид оролдсоны дараа засгийн газар улс орныхоо бүх музей, археологийн малтлаг хийж байгаа газруудыг хаах захирамж өгөв.

Орчин цагийн Ойрхи Дорнодыг судлах Санкт-Петербургийн төвийн удирдагч Гумер Исаев байдлыг тайлбарлан хэлэхдээ

«Египет бол эртний дэлхийг судлах төвийн нэг юм. Чухал үзмэрүүд Египетийн чанадад тухайлбал Их Британи, Германд байсан ч египетийн эртний үзмэрүүд бол дэлхийн хамгийн баялаг цуглуулгын нэг юм. Ойрхи Дорнодод ноцтой донсолгооны үед музейнуудийг тонон дээрэмдэх тохиолдол урьд өмнө ч гарсан.

Жишээ нь Ирак улсад Хусейны дэглэм унаснаас хойш музейнүүдийг дээрэмдэж хоосруулав. Хулгай тонул хийж дадсан дээрэмчид үнэ цэнэт зүйлийг хулгайлж, ахин худалдаж байгаа нь ноцтой асуудал болсон. Ойрхи Дорнодод ийм бизнес нэлээд хөгжсэн» гэв.

2011 онд Александриягийн номын сан тэмцэл хөдөлгөөний золиос болоход тулсныг хэлэх хэрэгтэй. Тэр үед «Лалын ахан дүүс» хөдөлгөөний хэдэн зуун дэмжигч номын санг дайран эзлэхийг оролдсон. Гэвч цагдаагийн хүчин болон тэдэнд тусласан хотын оршин суугчид дээрэмчдийг ухруулав.

Египетийн христийн шашинтнууд Мурсийн талынхан ба шинэ эрх баригчдын хоорондын мөргөлдөөний золиос болов. Үймээн Каираас хальж, бусад хотыг хамрасан үед христийн долоон сүмийг дайрч, шатахуунтай лонхуудыг шидэжээ.

Египетэд болж байгаа хэрэг явдал тус улсад байгаа иргэдийнхээ төлөө сэтэл зовоход улс орнуудын удирлдагчдыг хүргэв. Тухайлбал Европын хэдэн улс болон Орос улсын ГХЯ Египетэд аялахаас татгалзахыг эх орон нэгтнүүддээ зевлев.

Гадаад улс төрийн тусгай газрууд тэнд байгаа иргэддээ хандан шилжилт хөдөлгөөнөө хязгаарлаж, Египетэд удаан байхаас татгалзахыг уриалжээ. Египетэд очих аялагчдын тоо цөөрөх явдал тус улсад хохиролтой болно гэж Гумер Исаев үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Египетийн эдийн засаг гурван түшиг тулгууртай байсан. Эдгээр нь юуны түрүүнд аялал жуулчлал, дараа нь Суэцын сувгийн ашиглалтын оролого, хилийн чанадад гол төлөв Персийн булангийн орнуудад ажиллаж байгаа египетийн иргэдийн гэртээ гуйвуулах хөрөнгө билээ.

Египетийн аялал жуулчлал бол зочид буудал, дэд бүтэц төдийгүй энэ салбарт ажиллаж байгаа олон мянган хүн юм. Энэ нь египетийн эдийн засгийн гол хэсэг болсон нь дамжиггүй» гэв.

Өнгөрөгч лхагва гаригт Каирт цагдаагийн хүчин «Лалын ахан дүүс» хөдөлгөөний талынхны хоёр майхант лагерийг татан буулгаснаас хойш Египетийн байдал хурцдав.

Хоёр талаас галт зэвсэг хэрэглэсэн гэж нүдээрээ үзсэн хүмүүс мэдээллээ. Удалгүй үймээн бусад хотыг хамрав. Үүний улмаас 600 гаруй хүн түүний дотор цагдаагийн байгууллагуудын хэдэн арван ажилтан амь үрэгдсэн тухай албан ёсоор мэдээлжээ.