Египетийн нутаг дэвсгэр даяар онц байдал нэг сараар зарлаллаа. Сайд нарын танхим энэ арга хэмжээг батласны дараа ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Адли Мансур энэ тухай зарлигт гарын үсэг зурав. «Терроризмтэй тэмцэх зорилгоор мөн арга хэмжээ авсаныг» баримт бичигт тэмдэглэжээ. Түүнээс гадна Каирт болон өөр хэдэн районд хөл хорих цаг тогтоов.

Өчигдөр Каирт цагдаагийн хүчин армийн дэмжлэгээр ажиллагаа явуулсаны дараа үймээн гаарсан учир дээрх арга хэмжээ авчээ. Энэ ажиллагааны зорилго «Лалын ахан дүүс» хөдөлгөөн болон ерөнхийлөгч асан Мухаммед Мурсийн талынханы хотын талбайнуудад байгуулсан майхант хотхонуудыг татан буулгахад оршив. Цагдаагийн хүчин анхны хотхоныг нэлээд түргэн устгав.

Гэвч 2 дахь майхант хотхоныг цагдаагийн дайралтаас хамгаалахаар элсэн шуудайнуудаар бэхлэсэн аж. Иймээс дайралт жинхэнэ тулаан болж хувирав. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талууд автомат зэвсэг хэрэглэсэн тухай нүдээрээ үзсэн хүмүүс гэрчлэн мэдээлжээ. Иймээс маш олон хүн амь үрэгдэж  шархдаж бэртсэн байна.

Гэвч эрх баригчдын хүч хэрэглэх шийдвэр гарцаагүй байсан гэж тухайн уед «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчийн нэг байсан египетийн зохиолч, шинжээч Сарват аль-Хербави «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Лалын ахан дүүс» хөдөлгөөний бүтэц болон өрнөдийн тагнуулын албадтай хамссан явдлыг авч үзвэл байгууллага нууц армитай төстэй бөгөөд дайн дэгдээхэд хэзээ ч бэлэн байгаа нь илрэв. Энэ удаа Каирын талбайнууд ийм дайны түшиц газар болжээ.

Эдгээр талбайг үнэн чанартаа цэргийн лагерь болгон хувиргав. Хүмүүс ээлж ээлжээр манаж, нэг хэсэг нь унтаж, нөгөө нь жижүүр хийж байсан. Тэд байлдааны талбарт байгаа цэргүүдэд таарах уриа лоозон дэвшүүлэн хашгирч байлаа.

Хүмүүс ямар нэг бэлтгэл хийж байгаа нь  харагдав. Ийм хэнээрхэл аяндаа зогсолгүй улам гаарч мэдэх байсан. Иймээс засгийн газар египетийн нийгмийг хүч хэрэглэхэд тухирсан цугларагсдыг хүч хэрэглэж тараахаас өөр сонголт хийх аргагүй болсон» гэв.

Египетийн засгийн газраас мэдэгдэл хийж, хүч хэрэглэсний гэм бурууг «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд ноогдуулав. Сайд нарын танхим хөдөлгөөний гишүүдэд хандан ажиллагаагаа зогсоож, иргэдийг үймээнд оролцоход тухирхаа болихийг уриалав.

«Хүч хэрэглэх ажиллагааг гааруулж, улс орныг эмх замбараагүй байдалд оруулах гэсэн бүх оролдлогыг хатуу тасалдуулан зогсоож, «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчдыг баривчлана» гэж засгийн газар амлав.

Египетэд үймээн бүр хэдэн долоо хоног үргэлжилж байгаа боловч аажмаар намжина гэж шинжээчид үзэж байна. Египетийн түүхийн туршлага ийнхүү тааварлах үндэс болж байна гэж Эдийн засгийн дээд сургуулийн ерөнхий улс төрийн судлалын тэнхимийн тэргүүлэх багш Леонид Исаев тэмдэглэн хэлээд

«Египетийн түүхийг авч узвэл, иргэний дайн тус улсад бүрэн агуулгаар дэгдээхгүй байх. 1952 онд Египетэд эзэн хааны эсрэг эргэлт үйлдэж, колоничлогч Английн эсрэг тэмцэл хөдөлгөөн удаа дараа өрнүүлсэн билээ. Гэвч нийгэм хоёр хэсэгт хуваагдаж, бие биеэнээ устгах иргэний дайн хийгээгүй» гэв.

Ямар байсан ч Египетийн байдал хурцдсаар байна. Үймээн Каираас хальж, бусад район, түүний дотор тус улсад хэр хэмжээгээрээ хоёрт орох Александрия хотыг хамрав.