Зүүн Азийн олонхи ард түмний хувьд тэмдэглүүштэй 8-р сарын 15-ны өдөр ойртож байна. Одоогоос 68 жилийн тэртээ мөн тэр өдөр Япон улс Номхон далайд хийсэн дайнд бууж өгөх тухай зарлан мэдээлэв. Тэр үеэс хойш бүс нутгийн хэдэн улс мөн өдрийг японы эзэмшлээс чөлөөлөгдсний өдөр болгон тэмдэглэж байна.

Японд ч мөн өдөр ерийн өдөр бишээ. Япончууд түүнийг дайн дууссан өдөр хэмээн үзэн тэмдэглэж байна. Мөн өдрийн арга хэмжээ дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна гэвэл хэтрүүлэг болохгүй биз. Японы ээлжит ерөнхий сайд Ясукуни сүмд очих бол уу гэж нийт олон 8-р сарын 15-аас нэлээд өмнө ярьж эхлэв.

Энэ сүмийг эх орон ба эзэн хааны төлөө амь үрэгдсэн бүх япон хүний хойтын буянд зориулсныг нийтээр мэднэ. Баатаруудын дурсгалыг хүндэтгэх нь зүй ёсны үйл хэрэг юм. Гэвч эдгээр баатар гэгчтэй байлдаж дайтсан хятад, солонгос хүмүүс тэднийг ийнхүү хүндэтгэхийг эсэргүүцэж байна.

2005 онд БНХАУ ерөнхий сайд Зунъитиро Коизуми засгийн эрхэнд байтал Японтой дээд хэмжээнд харилцахаас татгалзсан юм. Тэрээр хөрш орнуудын шүүмжлэлийг үл тоомсорлон Ясукуни сүмд үргэлж очиж байв.

Ясукуни сүмд «А» зэрэглэлийн японы гэмт хэрэгтнүүд өөрөөр хэлвэл Номхон далайд дайн дэгдээгчдийн нэрийг сийлэн бичсэн самбар байгаа явдал хятад, солонгос хүмүүсийн зэвүүцэл төрүүлж байна.

Эдгээр этгээдийг тойрон дэгдээсэн шуугиан хэргийн уг чанараас анхаарлыг холдуулж байна гэж үзэж болно. Гэмт хэрэгтнүүдийн нэрийг сийлэн бичсэн самбарыг Ясукуни сүмээс зайлуулсан ч японы удирдагчид сүмд очиж байгаад хандах Бээжин, Сөүл хоёрын хандлага өөрчлөгдөхгүй бололтой.

Сүүлийн жилүүдэд хятад, солонгос хүмүүсийн ийнхүү хандлага японы зарим оршин суугчийн эгдүүцэл төрүүлэв. «Оросууд, та нар овог дээдэсээрээ бахархаж байна. Бид ч гэсэн тэгж бахархаж байна» гэж авьяаслаг сэтгүүлч сайхан сэтгэлтэй япон найз маань надад өгүүлсэн.

Одоо ерөнхий сайд Синзо Абэ түүний хэлснийг бараг давтаж байна. Үр хүүхдийн бахархах улс цогцлон байгуулмаар байна гэж ноён Абэ төрөлхи Ямагути муж улсад аялах үеэрээ хэлжээ.

Тэрээр боловсролын систем, түүний дотор түүхийн хичээл заах арга зүйг өөрчлөх, лавлаж тодруулвал сэргээх бодолтой байгаа учир японы хүүхдүүд өнөөгийн Япон болон японы түүх, түүний дотор өвөг дээдсээрээ бахархаасай гэж хүсэх байх.

Гэсэн ч өвөг дээдэс янз янзын байдаг. Нэг хэсэг нь харийн булаан эзлэгчдийн замыг хааж, Эх орноо амиа хайрлалгүй хамгаалсан. Өөр нэг хэсэг нь өөрснөө булаан эзлэгчид байсан. Булаан эзлэгч асан өндөр настнуудад зөв хандах үзэл санааг боловсруулахад хэцүү юм.

Үүнд үзэл суртлын хэвшмэл үзэл санаанаас ангижирч, улс орныхоо түүхийг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Германчууд тэгж хандаж чадсан юм. Оросууд ч ийнхүү хандаж сурч байна. Оросын оршин суугчид нацист Германы эсрэг байлдааны талбарт эцэг, өвгөн аавынхаа байгуулсан гавьяагаар бахархаж ирсэн, хойшид ч бахархах юм.

Гэсэн ч тэд Финландын эсрэг ахар богино хугацааны дайны учир агуулгыг эргэцүүлэн бодож байна. Финланди Гитлерийн холбоотон байсан ч зөвлөлтийн түрэмгийллийн золиос болсон билээ. 1945 оны 8-р сард ЗСБНХУ милитарист Японд дайн зарлав.

Гэвч Орос улсад Японыг түрэмгийллийн золиос хэмээн үзэхгүй байгаа нь сонин шуу. Түүнчлэн 1930-д оны сүүлээр Халхын гол дээр болон Хасан нуурын ойролцоо байлдан дайтсан хийгээд 1945 онд Өмнөд Сахалин, Манжуур, Солонгосыг японы цэргээс чөлөөлсөн зөвлөлтийн цэргийг түрэмгийлэгч гэж үзэхгүй байна.

Харин японы ахмад үеийнхэн Солонгос, Хятад, Манжуур болон Зүүн-өмнөд Азийн өөр олон өнцөг буланд юу хийж байсан бэ? Ард түмнүүдийг цагаан арьст колоничлогчдоос чөлөөлсөн юм уу?

Тэртээх үйл явлдлуудын талаархи ийм үзэл санаа Японд өдгөө хүртэл тархсаар байна. Түүнийг зөв,буруу бүр гэмт хэргийн гэж зарлах нь чөлөөтэй үг хэлэх, хэвлэн нийтлэх ба ёс суртахууны төдий асуудал биш улс төрийн түүний дотор Японы гадаад бодлогын асуудал юм.

Удахгүй Японы гадаад бодлого өөрчлөгдөх бололтой. Үндсэн хуульд засвар оруулна гэж Ерөнхий сайд Абэ амласан нь тохиолдлын хэрэг биш. Тэрээр Ямагутид аялах үеэрээ ийм амлалт ахин өгсөн байна.Энэ нь японы зэвсэгт хүчний эрхийг өргөжүүлэх хүсэлтэй холбоотой. Япон тусгаар улсын хувьд зэвсэгт хүчинтэй байх бүрэн эрхтэй нь дамжиггүй.

Гэвч зэвсэгт хүчнээ улс орноо ба холбоотнуудаа хамгаалах аль эсвэл ямар нэг шалтгааныг олж түрэмгийлэл үйлдэхэд хэрэглэх нь Японы удирдагчид улс орныхоо түүхийг хэрхэн үнэлхээс ихээхэн шалтгаалах юм. Өөрөөр хэлвэл 8-р сарын 15-нд Синзо Абэ Ясукуни сүмд очих эсэхээс хамаарагдана.