Монгол улс тэнгист ойртож, ачаа барааг Хятад улсын хойд хэсгээс АНУ руу хоёр дахин хурдан түргэн хүргэх болно. Саяхан Владивостокт болж өнгөрсөн Олон улсын тээврийн зөвлөлийн III бага хурал дээр Азийн Зүүн-Хойд хэсэгт тээврийн хонгилуудыг хөгжүүлэх саналыг дэмжицгээв.

Төслийг хэрэгжүүлэхэд бүх гишүүн орнуудаас /Орос, Монгол, Хятад, Өмнөд Солонгос/ 3,5 сая орчим ам. доллар шаардагдана.

Тээврийн хонгилууд гэдэг нь далайн боомтуудыг төмөр замын болон автомашины замуудтай, хилийн боомтуудтай холбох гэсэн утгатай юм. Төслийн хүрээнд ачаа тээврийн өсөн нэмэгдэх урсгалд ажиллах зургаан хонгилын тухай яригдах юм.

Ингэхдээ энэ нь ихэвчлэн транзит ачаа байх юм.Алс-дорнодын флотын эрдэм-шинжилгээний хүрээлэнгийн тээврийн хөгжлийн хэлтсийн дарга, тээврийн зөвлөлийн шинжээч Михаил Холоша хэлэхдээ: «Эхний хонгилд оросын Зарубино боомт болон өмнөд солонгосын Посьет, Раджин боомтууд орж буй юм. Тэндээс хятадын Хунчунь, Аршань хотуудаас Монгол улсын хил рүү гарах шугамууд явж байгаа. Монгол улсад энэ хонгил нилээд хэдэн автомашины, төмөр замын хувилбартай байгаа.

Ингэхдээ тус улсын зүүн-баруун аймгуудыг нэгтгэдэг “Мянганы зам” ч бас үүнд хамрагдаж байна. Үүнтэй зэрэгцэн тус улсын хойгуур хоёрдахь хонгил явна. Тэр хонгил оросын Находка, Восточный, Владивосток боомтуудыг хятадын Суйфэньхэ, Харбин хотуудаар дамжиж оросын Забайкальск, Чита хотуудтай холбоно.

Гуравдахь хонгил Забайкальскийн хязгаарыг Приморьтой Транссибирийн төмөр замаар холбоно. Өмнөд Солонгос болон тэднийг Хятадтай холбосон хоёр чиглэл байна. Эдгээр замууд нь Хэйхэг Даляны боомтуудын бүлэгтэй холбосон замтай огтолцож байна.

Ингэснээр бүс нутагт замууд огтолцох боломжтой тээврийн сүлжээ байгуулагдаж, энэ нь ачаа тээвэрлэх янз бүрийн чиглэлүүдийн хубилбарууд бий болох сайхан боломж олгож байна» гэлээ.

Мэдээж хэрэг төмөр замыг шинэчлэх болон авто замуудыг барьж байгуулах хугацаа болон боомтуудын хүчин чадлуудыг нэмэгдүүлэх ба хилийн явган боомтуудыг тохижуулах нь тус төсөлд оролцож байгаа гишүүн орны өөрийн хөгжлийн эрч хүч болон боломжуудаас шалтгаална.

Монгол улс маш их нөлөөтэй байгаа, тус улс замын сүлжээг идэвхтэй барьж байгуулахын зэрэгцээ шинэ төмөр замыг барьж байна. Энэ тухай Михаил Холоша хэлэхдээ: «Монгол улс далайд гарах нилээд хэдэн хувилбаруудыг боловсруулаад байна. Нэгдүгээрт, тэд Сайншандаас хятадын Аршань хот хүртэл авто болон төмөр зам тавих гэж зорьж байна.

Тэндээсээ Даляны боомт руу гарч болно. Приморийн боомтууд руу ч болно. Түүнчлэн, оросын Өвөр байгаль хязгараар дамжуулан зүүн-хойд хэсэгтэй тээврийн харилцаа тогтоохыг хүсч байна. Мөн тэндээсээ Приморье руу очиж болно» гэлээ.

Зүүн-хойд Азид ийм төрлийн тээврийн салаа замын системийн эрэлт хэрэгцээ их байна. Бүс нутаг дэлхийн экспорт 60 % эзлэдэг. Ингэхдээ эдгээр бүс нутгуудаар явж өнгөрөх транзит ачааг мартаж ер болохгүй. Одоо нэг жилд 150 сая контейнерын тухай яригдаж буй юм, гэтэл энэ хэмжээ нь жил бүр өсч байна.

Ачаа тээврийг “тойруу” замаар хийж байна. Энэ нь бүр Өмнөд Солонгосын боомтуудаас Суэцийн сувгаар дамжин Москва, Санкт-Петербургэд ирдэг гээд бод доо. Урт замыг сонгосон бол богино зам үр ашиггүй, эвгүй байсан байж таарна.

Чухамдаа тэдгээр замуудыг юу эвгүй болгож байна вэ, гэвэл хилийн боомтууд байгаа юм. Бизнес эрхлэгчид ачаа барааг хил дээр зогсч, мөнгө алдаж байснаас гээд тойруу тээвэрлэдэг. Монгол улсын Зүүн хэсэгт болон Хятадын зүүн-хойд хэсгийн төмөр зам муу гэдгийг тэмдэглэдэг.

Орос улсын хувьд гэвэл, мэдээж хэрэг, манай алс-дорнодын боомтуудын контейнерын терминалууд маш их хэрэгтэй. Алс-Дорнодын боомтуудын хөгжлийн эрч хүч туйлын эрчимтэй хөгжиж байна. 2006-2012 онд ачаа эргэлтийн хэмжээ 2 дахин буюу 70 сая тонноос 135.5 сая тонн хүртэл өссөн, цаашид ч бас өсөх болно.

Энэхүү “хонгилын” системийг оросын төмөр замын “аврагууд” болох Транссибирийн” болон “Байгаль-Амарын төмөр замуудгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Ойрын жилүүдэд ОХУ-ын Засгийн газар болон «Оросын төмөр зам» /РЖД/ холдинг томоохон замуудыг болон дэд бүтцүүдийг хөгжүүлэн, шинэчлэхэд 17 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх юм.