8-р сарын 15-нд Умард, Өмнөд Солонгос хоёр үндэсний нэн чухал баяраа-улс орноо чөлөөлсний өдрийг тэмдэглэх юм. Чөлөөлөгдсний үр дүнд улс орон хоёр хэсэгт хуваагдаж бутарсан явдал баярыг гутааж байна. Их гүрнүүд мөн бутралыг хариуцах ёстой боловч солонгосын зүүн, барууны хүчний ширүүн сөргөлдөөн үүнд багагүй үүрэг гүйцэтгэсэн юм.

Эдгээр хоёр хүчин найр тавихаас татгалзав. Найр тавихад бэлэн байна гэсэн хоёр талын үг яриа үнэн хэрэг дээр ажил үйлд нь нийцэхгүй байсныг сүүлийн жилүүдэд ил тод болсон баримт бичгүүд нотлон харуулав.

Эдүгээ 1945-1953 оны эмгэнэлт хэрэг явдлын гэм бурууг умард солонгосын талд тулгаж байна. Ийм хандлагад гол төлөв хоёр хүчин зүйл нөлөөлсэн. 1-рт Өмнөд Солонгосын сонгож авсан загвар илүү үр бүтээлтэй болсон юм. 2-рт зөвлөлтийн ба дорнод европын архивуудыг нээлттэй болгосноос хойш Умард Солонгос дайн хийж эхлэсэн нь эргэлзээгүй болов. Цэргийн хүчээр л улс орныг нэгтгэж болно гэж тус улсын удирдлага бүр эхнээс үзсэн билээ.

Гэвч ийм тайлбар одоо бидний мэдэх болсон баримтуудыг үндэслэж байна. Тэр үед 40-д оны сүүлээр өмнөд солонгосын давуу тал эргэлзээтэй байсан. Умард Солонгос эдийн засгийн талаар Өмнөд Солонгосоос давж байв.

Улс төрийн эрх чөлөөний агуулгаар солонгосын хоёр дэглэм бараг ялгагдахгүй байсан. Өмнөд Солонгост хэвлэлд хатуу хяналт тавихгүй байжээ. Гэвч 40-д оны сүүлээр Өмнөд Солонгосын оршин суугчдыг улс төрийн үзэл суртлаас болж Умардынхаас илүү олноор нь баривчилж бүр хөнөөж байв.

1950 оны зун Өмнөд Солонгосын шоронгуудад улс төрийн 14 мянга орчим хоригдол байсан юм. Сэжиглэгдсэн хүнийг газар дээр нь буудан хөнөөх тохиолдол Өмнөд Солонгост олонтаа гарч байв. Харин Умард Солонгост шүүн мөрдөлгүй гэсгээн цээрлүүлэх тохиолдол дайны өмнө хаяа нэг гарч байв.Харамсалтай нь хожим байдал өөрчлөгдсэн юм.

40-д оны сүүлээр Өмнөд Солонгосын олон бүс нутагт иргэний дайн хийж байсан. Партизаны хөдөлгөөнийг зохион байгуулсан орон нутгийн коммунистууд дайн хийв. Тэд Умардаас дэмжлэг авч байсан.

Гэвч хүн амын үлэмж хэсгээс партизануудыг дэмжвэл партизаны хөдөлгөөн удаан орших юм. Иймээс өмнөд солонгосын цагдаагийн хүчин, армин гэсгээн цээрлүүлэх ажиллагаагаа «улаан партизануудын» эсрэг төдий биш энгийн хүн амын тэдэнд дэмжлэг үзүүлж мэдэх хэсгийн эсрэг чиглүүлсэн билээ. Коммунистуудыг дэмжиж мэдэх олон хүнийг хөнөөсөн юм.

«Улаан партизанууд» ч хожмын дайсан болж мэдэх энгийн хүмүүсийг хөнөөх тохиолдол гарсан. Барагцаалбал нийт 150 мянган хүн террорын золиос болжээ. Ли Сын Маны дэглэмийн цагдаагийн хүчний хөнөөсэн энгийн номхон оршин суугчид хэлмэгдэгсдийн үлэмж хэсгийг эзлэв.

Ялангуяа Чежудо аралд энгийн хүмүүсийг олноор нь алах ажиллагаа гаарав. Эндхийн нийт хүн амын бараг 10 хувь нь амь үрэгджээ.

«Улаан партизануудын» дарга нар Умардад сурсан. Умардын эрх баригчдаас тэдэнд зэвсэг олгож байсныг дурдая. Барууны хүчин ч алмайран суухгүй байв. Өмнөдэд сургаж зохион байгуулсан отрядууд Умард Солонгост халдаж, коммунизмын эсрэг уриа лоозон дор партизаны хөдөлгөөнийг тэнд зохион байгуулахыг оролдов.

Ли Сын Маны засгийн газраас ийнхүү оролдлогыг дэмжсэн юм. Умард Солонгосын засгийн газраас мэдээлснээр дөнгөж 1949 онд өмнөд солонгосын арми ба цагдаагийн хүчин Умардад халдахыг бүр 2600 гаруй удаа оролдсон аж.

Түүнээс гадна Умардад цөмрөн орж, түүнийг хүчээр нэгтгэхийг Ли Сын Маны засгийн газар ил шууд нэг бус удаа уриалсан юм. Умардын удирдлага лавлаж хэлвэл солонгосын зүүний хүчин дайн хийж эхлэв. Харин Өмнөдийн удирдлага өөрөөр хэлвэл солонгосын барууны хүчин бас байлдан дайтах хүсэлтэй байсан.

1940-д оны сүүлээр объектив үүднээс хандах ажиглагчид тэмцэлдэн сөргөлдөж байгаа хоёр дэглмэийн аль нь ардчилсан буюу түрэмгий байгааг лавтай хэлж чадахгүй байсан. Тэр үед Ли Сын Маны засгийн газар гэсгээн цээрлүүлэх, хүуч хэрэглэн шийдвэрлэх дуртай байсан мэт санагдана.

Түүхийн үйл явдлыг дан ганц хар буюу цагаан хэмээн үзэж үл болно. Улс төрийн олонхи мөргөлдөөнд хоёр тал хоёулаа буруутан байдгийг солонгосын эмгэнэлт хэрэг явдал нотлон харуулж байна.