Орос, Хятадын харилцан ажиллагаа өндөр түвшинд гарсныг одоо явагдаж байгаа орос-хятадын «Энхийн ажиллагаа» хуурай замын цэргийн сургуулилтын цар хүрээ тусган харуулж байна.

Үүний хамт сүүлийн жилүүдэд Орос улс цэргийн өөр томоохон гүрэн улсууд, түүний дотор АНУ, Энэтхэг улстай хамтын ажиллагааг өргөжүүлж ирсэн гэж Стратеги, технологийн магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин тэмдэглэв.

2005 оноос үргэлж явагдаж байгаа орос-хятадын «Энхийн ажиллагаа» хуурай замын цэргийн сургуулилт болон «Тэнгисийн харилцан ажиллагаа» усан цэргийн сургуулилт сүүлийн хэдэн арван жилд Орос улсаас ТҮХН ба Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн биш гадаад улсуудтай явуулж байгаа томоохон байлдааны сургуулилтууд юм.

1500 гаруй цэргийн албан хаагч болон 250 орчим байлдааны нэгж техник, түүний дотор 20 нисэх онгоц, нисдэг тэрэг оросын өмнөд Уралын Чебаркуль талбарт үргэлжилж байгаа байлдааны сургуулилтад оролцож байна.

Орос улс бусад гадаадын улс орнуудтай ч цэргийн хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байна. Сирийн байдал, Европ дэх ПДХ систем ба Сноудены хэрэг гэх мэт асуудлаар санал зөрсний улмаас Москва,Вашингтоны хоорондын улс төрийн хэлхээ холбоо хүндэрсэн ч АНУ-тай цэргийн хүрээнд хэлхээ холбоо хөгжсөөр байна.

2012 онд Орос улс АНУ-аас зохион явуулсан RIMPAC олон улсын байлдааны сургуулилтад анх удаа оролцож, байлдааны 1, туслах 2 хөлөг онгоцоо тийшээ явуулжээ. Террорын эсрэг ажиллагааг сургуулилж, оросын тэнгисийн явган цэргийг америкийн, америкийнхныг оросын хөлөг онгоцон дээр буулгасан билээ.

2012 оны 5-р сард ОХУ, АНУ хоёр оросын байлдааны анги салбарыг оролцуулсан хамтарсан байлдааны сургуулилтийг америкийн нутаг дэвсгэрт анх удаа явуулав. Байлдааны сургуулилтийн хүрээнд оросын ба америкийн тусгай зориулалтат цэрэг хамтран тагнах ба террористуудын булаан эзлэсэн барилга байгууламжуудыг чөлөөлөх ажиллагааг сургуулиулсан юм. Урьд өмнө ийм сургуулилтийг гуравдахь улсын нутаг дэвсгэрт тухайлбал Европт явуулсан билээ.

Оросын 20 гаруй цэргийн албан хаагч анхны хамтын байлдааны сургуулилтад оролцов. Өнгөрсөн долоо хоногт ОХУ,АНУ-ын ГХ-ийн ба БХ-ын сайд нар уулзаж, хамтарсан байлдааны сургуулилтад оролцох цэргийн төрөлийг олшруулах тухай гэрээг бэлтгэхээр шийдвэрлэв.

«2+2» хэлэлцээ орос-америкийн харилцаа хүндэрч, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад хийх айлчлалыг хойшлуулах тухай зарлан мэдээлсэн нөхцөлд хийжээ. Талууд цэргийн хэлхээ холбоог цаашид өргөжүүлэхийг хичээж байгаагаа тэмдэглэв. Оросын ба америкийн Atlas Vision хуурай замын цэргийн ээлжит сургуулилт саяхан 2013 оны 7-р сард Европт явагдлаа.

АНУ-тай цэргийн харилцан ажиллагаа тогтмол өргөжиж байна. Конгресс дахь Оросын эсрэг лобби булгууд хөндлөнгөөс оролцохгуүй байсан бол илүү эрчимтэй хөгжин өргөжих байсан. Цаашдаа хүйтэн дайны үеэс улбаатай эдгээр бүлгийн нөлөө багасаж мэднэ.

Орос улс АНУ-аас өөр орнуудтай цэргийн харилцан ажиллагааг аажмаар өргөжүүлж байна. 2012 оны 9-р сард 5 хөлөг онгоц орос-японы усан цэргийн сургуулилтад оролцов. Орос-энэтхэгийн «Индра» хамтын байлдааны сургуулилт 2003-2010 онд жил дутам явагдав.

Хожим нэг жил явуулаагүй байснаа 2012 онд сэргээжээ. «Индра-2013» байлдааны сургуулилт энэ оны 10-р сард Энэтхэгийн нутаг дэвсгэрт явагдах юм.

Оросын ба энэтхэгийн цэргийн албан хаагчид террорын эсрэг ажиллагааг хамтран төлөвлөх, тагнан эрэх, хууль бус зэвсэгт бүлгүүдийг хоргүй болгох ажиллагааг сургуулилах юм.

Орос улс Ази Номхон далайн бүс нутгийг оролцуулан цэргийн хэлхээ холбоогоо тэнцүү өргөжүүлэхийг хичээж байна. Байлдааны бэлтгэлийг ил тод болгох нь улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх замыг нээж өгч байна. Оросын зэвсэгт хүчин гадаадын цэргийнхний туршлагыг эзэмших, олон улсын тавцанд ур чадвараа тодорхой үзүүлэх боломжтой болж байна.