Сирийн байдлыг зохицуулах асуудлаархи олон улсын бага хурал (Женева-2) 9-р сараас хойш хуралдаж мэднэ гэж «Интерфакс» агентлаг ОХУ-ын  ГХ-ийн дэд сайд Геннадий Гатиловын хэлснээс иш татан мэдээллээ. Москва бага хурлыг нэн даруй зарлан хуралдуулахын төлөө байна.

Гэвч 9-р сараас наана хуралдахгүй бололтой гэж Оросын дипломат ажилтан тэмдэглэн хэлжээ. Орос улс «Женева-2» бага хуралд оролцогчдын хүрээ тухайлбал Ираны төлөөлөгчдийг оролцуулах асуудлыг АНУ-тай хэлэлцэж уялдуулан зохицуулах бодолтой байна гэж Геннадий Гатилов мэдэгдэв.

Дэд сайдын хэлснээр буурьтай хэлэлцвэл зохих олон асуудал байгаа. Сирийн сөрөг хүчний төлөөлөгчдийг өдгөө хүртэл бүрдүүлээгүй. Сөрөг хүчин урьдчилан болзол тавилгүй бага хуралд оролцохоо батлаагүй. Оросын дипломат ажилтнууд эдгээр асуудлыг ГХ-ийн дэд сайд нарын хэмжээнд 8-р сарын сүүлээр америкийн төлөөлөгчидтэй хэлэлцэнэ гэж Геннадий Гатилов хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт Москва, Вашингтоны төлөөлөгчид «хоёр+хоёр» хэлэлцээн дээр Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг аль болох түргэн хуралдуулах арга хэмжээ авахаар тохиролцсон гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.

Ямар байсан ч Сирийн Ерөнхийлөгч Башар Асад огцрох ёстой гэж АНУ үзэж байгааг Төрийн департамент ахин мэдэгдэв. Үүний хамт Вашингтон сирийн асуудлыг шийдвэрлэх улс төрийн арга замыг эрэхийн төлөө байна. Сирийн цэргийнхэн ч тэднийг сөрөг зогсож байгаа самуун дэгдээгчид ч улс орны нутаг дэвсгэрийг хяналтдаа бүрэн авч чадахгүй гэж АНУ үзэж байна.