АНУ сирийн самуун дэгдээгчдэд тусласнаараа өөрсөндөө ноцтой асуудлуудыг үүсгэн ноогдуулж байна. АНУ-аас сирийн босогчдод уламжлах гэж байгаа зэвсгийг эрт орой нэгэн цагт америкчуудын л эсрэг хэрэглэнэ. Үүний улмаас АНУ саяхан болтол өөрий нь дэмжиж байсан этгээдүүдтэй арга буюу байлдаж дайтана гэх мэт сануулга Вашингтонд олонтаа сонсогдож байна.

Албан тушаалаа орхих гэж байгаа ТТГ-ын тэргүүн дэд дарга Майкл Морелл АНУ-ын аюулгүй байдалд тулгарч мэдэх аюул сорилтын цэсийг зохиов. Иран, Умард Солонгос ба «Аль-Каидагаас» учрах болон кибер дайн дэгдээх аюул тэдгээрийн дотор байна.

Харин Башар Асадын дэглэм унах нь гол ноцтой аюул болно гэж Морелл үзэж байна. Тэгвэл Сири террористуудын түшиц газар болж хувирна гэж Морелл хэлжээ. Санкт-Петербургийн орчин цагийн Ойрхи Дорнодыг судлах төвийн удирдагч Гумер Исаев мөн саналыг дэмжиж байна. Тэрээр хэлэхдээ

«Ямар ч иргэний дайн хүч хэрэглэх ажиллагааг үүсгэдэг. Сирид иргэний дайн хийж байгааг хэн ч үгүйсгэхгүй байна. Дайн дууссаны дараа ч хүч хэрглэхээс татгалзахад хэцүү юм. Тэр тусмаа Башар Асадын дэглэмийг түлхэн унагавал ялагчдын ойр хоорондын дайсагнал гаарч мэднэ. Энэ нь радикал бүлгүүдийн төлөөлөгчдийг засгийн эрхэнд гаргах хор холбогдолтой болно» гэв.

Сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс шууд оролцох санал эргэлзээтэй хэмээн АНУ-ын хүчний байгууллагуудын төлөөлөгчид үзэж байна. Ийм хязгаарлагдмал ажиллагаа ч хэт их хэмжээний хохирол учруулна гэж АНУ-ын хуурай замын цэргийн штабын дарга генерал Рей Одиерно үзэж байна.

Үүний өмнө АНУ-ын штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпси сирийн мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцож, цэргийн ажиллагаа явуулах саналыг эсэргүүцсэн билээ. Мөн ажиллагаа их үнэтэй, үр дүнд хүргэхгүй гэж тэрээр тайлбарлан хэлжээ.

Дайн юу гэдгийг цэргийнхэн бусдаас илүү сайн мэднэ. Иймээс тэд АНУ-ыг ээлжит адал балмад ажиллагаанд татан оролцуулах саналыг эсэргүүцэж байна гэж улс төр судлаач Борис Межуев хэлээд

«АНУ-д хүчний байгууллагууд уламжлал ёсоор энхийг эрхэмлэгч байр суурь баримталдаг. Пентагоны цэргийн удирдлага өөрөөр хэлвэл штабуудын дарга нар ийм бодлого баримталж байгаа нь сонин биз. Цэргийнхэн байлдан дайтах дургүй. Тэд цэргийн ажиллагаа ямар хор холбогдолтой болохыг сайн мэдэж байгаа болохоор ийм байр суурь баримталж байна» гэв.

АНУ сирийн босогчдыг дэмжснээрээ урьдын алдагдалаа давтан гаргаж байна. Тухайлбал 1980-д онд тус улсаас зөвлөлтийн цэрэгтэй байлдаж байсан афганистаны можахедуудад тусламж үзүүлсэн юм. Чухам тэр үед америкийн тусгай албадын оролцоотойгоор «Аль-Каида» үүсэн байгуулагдсан гэж шинжээчид үзэж байна.

Вашингтон төдийгүй түүний өрнөдийн түншүүд ийм зан үйлтэй байгааг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров удаа дараа заасан юм. Ливид Франц улсаас зэвсэглэсэн этгээдүүд л Малид францын цэрэгтэй байлдан дайтаж байна гэж Оросын ГХ-ийн сайд нэгэн үе шууд хэлсэн билээ.

Ливийн хэт даврагсад Сирид ч байлдаанд оролцож байна. «Малид францын цэрэг ливийн хямралын хор уршигтай тэмцэх мөртлөө ливийн л хэт даврагсадыг Сирид дэмжиж байна. Үүний учир зүйг ойлгоход хэцүү» гэж Сергей Лавров тэмдэглэн хэлжээ.