2014 оны өвлийн Олимпийн наадам Сочид гараа автал яг хагас жилийн хугацаа үлдээд байна. Оросын засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев спортын барилга байгууламжуудыг шалган үзэж, Олимпийн ба Паралимпийн наадмуудын бэлтгэлийн асуудлаар зөвлөлгөөн хийлгэв. Хүчин чармайлтаа дайчилж, энэ хагас жилд зохих ёсоор хичээнгүйлэн ажиллахыг Ерөнхий сайд бүгдэд уриаллаа.

Дмитрий Медведев Хар тэнгисийн эрэг дээр Олимпийн спортын хүрээлэнг сонирхож үзэв. Мөн түүнчлэн Ерөнхий сайд хоккейн тэмцээн явагдах ордон, тэшүүрийн уралдааны төв болон барьж дуусаагүй зочид буудлын цогцолборыг сонирхон үзжээ. Спортын дийлэнх олонхи барилга байгууламжийг дээд зэргээр бэлтгэснийг Оросын Ерөнхий сайд тэмдэглэв. Юм бүхнийг цагт нь хийж дуусах хэрэгтэйг тэрээр дурдаад

«Ажлын явцыг хяналтдаа авч, зарим тохиолдолд урамшуулж эсвэл гэрээгээр тогтоосон хугацаа, болзолыг зөрчсөн гэрээлэгчийг шийтгэх хэрэгтэй.Барилгын ажлыг дуусгахад ахар богино хугацаа үлдээд байна. Бүх асуудлыг шийдвэрлэж, чанартай барилга байгууламжуудыг ашиглалтад оруулах ёстой» гэв.

Түүнээс гадна Дмитрий Медведев Сочи хот Олимпийн наадамд хэр бэлдэж байгаад анхаарлыг хандуулав. Аюулгүй байдал болон онц бүх албаны харилцан ажиллагаанд гойд анхаарал тавих хэрэгтэй. Гол зорилт Сочид аюулгүй тохилог тухтай байх нөхцөлийг хангахад оршино.

Өнгөрсөн онд Олимпийн барилга байгууламжуудыг шалгах бараг 70 тэмцээн явагдсан тухай 2014 оны өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Дмитрий Чернышенко мэдээлэв.

Тамирчид төдийгүй Олон улсын спортын холбоодын шинжээчид тэмцээнүүдийн зохион байгуулалтыг өндөр үнэлэв. Одоо Олимпийн наадамд оролцогчдыг бүртгэж байна. Дэлхийн 80 орны 6000 гаруй тамирчин Сочид хүрэлцэн очих бололтой. Олимпийн наадмыг нээх, хаах ёслолын хувилбаруудыг батлажээ.

10-р сарын 6-нд Олимпийн бамбарыг Москвад хүлээж авна. Тэгснээр түүхэнд хамгийн удаан үргэлжлэх Олимпийн наадмын буухиа эхлэнэ гэж Дмитрий Чернышенко хэлээд

«123 өдөр,экваторыг бутэн хагас тойрсонтой тэнцэх 65 мянган км, 3000 орчим хот тосгон… Бид Хойд туйлд Олимпийн бамбарыг тээвэрлэж хүргэх гэх мэт сонирхолтой төслүүдийг бэлтгэсэн. Түүнчлэн Олимпийн бамбарыг задгай сансарт гаргах тухай хэлэлцээрт Оросын сансрын агентлагтай гарын үсэг зурсан» гэлээ.

Казаньд болсон зуны Универсиад наадмыг зохион явуулсан туршлагыг ашиглах нь зайлшгүй чухал гэж Дмитрий Медведев Сочид зөвлөлгөөн дээр тэмдэглэв. Ерөнхий сайдын хэлснээр тэнд үйл ажиллагаа өндөр түвшинд яв цав явагдсан байна.