Одоогоос таван жилийн өмнө гүржийн цэрэг Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цөмрөн орж, оросын энхийг сахиулагчдын баазад халдан довтлов. Шөнийн давшилтын уршгаар хэдэн зуун хүн амь үрэгдэж, хэдэн мянга нь шархдав.

Өмнөд Осети болон нийслэл Цхинвалд маш их хэмжээний хохирол учруулсан юм. Орос улс Өмнөд Осетийн ард түмнийг хамгаалалдаа авч, хариуд учир үндэстэй хатуу цохилт өгч, гүржийн армийг ухруулж, нутагт нь буцаасан билээ. Хожим Өмнөд Осети, Абхази зэрэг шинэ хоёр улс дэлхийн улс төрийн газрын зурагт бий болов.

Энэ өдрүүдэд Өмнөд Кавказын эдгээр хоёр улс үнэхээр их хохирол хулээж үүсгэсэн баяраа тэмдэглэж байна. 1991 онд ЗСБНХУ бутраснаас хойш Гүржийн эрх баригчид албадах арга замаар Өмнөд Осети, Абхазын ард түмнүүдийг уусгахыг оролдож, үндэсний эрхгүй болгосон юм. 2008 оны 8-р сард Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвили дур зоргоор авирлаж, энгийн номхон иргэд болон оросын энхийг сахиулагчдад халдан довтлох гэмт хэргийн тушаал өгөв.

Гүржийн цэргийнхэн хэрцгий ажиллагаа явуулав. Гэвч Москва олон улсын эрх зүйд төдийгүй ёс суртахуунд харш шившигт байдлыг хүлцэхгүйг Тбилиси харгалзаагүй байна. Оросын цэргийг Өмнөд Осетид оруулсаны ачаар түрэмгийлэгчийг зогсоож, гүржийн нутаг дэвсгэрийн гүнд ухруулсан юм. Түүнээс хойш хоёр долоо хоног өнгөрсний дараа Орос улс Өмнөд Осети, Абхазын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.

Тэртээх хэрэг явдал болон Оросын удирдлагын хатуу тууштай байр суурийг одоо дүгнэж болно гэж шинжээч Владимир Жарихин хэлээд: «Өнгөрсөн таван жилд эдгээр хоёр улсын нэг ч оршин суугч, оросын нэг ч цэргийн албан хаагч амь насаа алдсангүй. Урьд байдал өөр байсан. Тэртээх үйл явдал бүс нутгийн оршин суугчид ба манай цэрэгт ашиг тустай болсон гэж үнэлж болно.

Москвагаас зохих хариу өгсөн юм. Хатуу сургамжийн ачаар гүржийн талын идэвхжил намжив. ОХУ Абхази, Өмнөд Осети хоёртой цэргийн гэрээ байгуулав. Энэ баримт бичигт заасан ёсоор эдгээр хоёр улсад халдан довтлохыг ОХУ-д халдан довтлосон хэрэг хэмээн үзэх юм» гэж хэллээ.

2008 онд Москва дан хүмүүнлэгийн зорилтыг биелүүлснээс гадна геополитикийн тодорхой зорилтыг биелүүлсэн юм. ОХУ-тай хил залгаа Гүржийн удирдлага НАТО-д элсэхийг чармайсан.

Гүржийн хүсэлтийг нөгөө талаас дэмжсэнийг хэлэх хэрэгтэй. АНУ-аас бүс нутагт явуулж байгаа ажиллагаа жилээс жилд идэвхжив. АНУ 8-р сард Өмнөд Осетийн энгийн номхон хүн амд халдан довтлосон гүржийн цэргийнхнийг зэвсэглэж, сургасан юм.

Мэдээжээр Москва Умард Атлантын эвслийг хил хзягаарт нь ойртуулах төлөвлөгөөг эсэргүүцэв. Ер нь Гүрж Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт цөмрөн орсноороо НАТО-д элсэх төлөвийг үгүй болгов. Ийн төвэг бэрхшээлтэй шинэ гишүүн эвсэлд хэрэггүй биз.

Өнгөрсөн таван жилд зохих гэрээгээр оросын цэргийнхний хамгаалалд байгаа Өмнөд Кавказын хоёр улс аюулгүй байдлын хүчнээ идэвхтэй зузаатгаж, дэд бүтэц, эдийн засгаа сэргээж,нийгмийн зорилтуудыг биелүүлж байна.

Зөвлөлтөөс хойшхи олон жилд Гүрж үргэлж өнгөлзөж ирсэн хүнд нөхцөлд цөөнгүй асуудал гарч тулгарсан нь мэдээжийн хэрэг. Орос улсаас түншүүддээ зохион байгуулалтын ба санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Хамгийн гол нь шинэ залуу улсууд төрийн тусгаар тогтнолын туршлагатай болж байна.