АНУ-ын Форт Мид баазад цэргийн шүүх Брэдли Мэннинг цэргийг шийтгэх тогтоо гаргав. Нууц олон зуун мянган баримт бичгийг Wikileaks сайтад уламжласан Мэннингэд тагнан турших ажиллагаа явуулж, улсын өмчийг хулгайлж, луйвардаж, тушаалыг биелүүлэхээс татгалзсан зэрэг ял ноогдуулав. Гэвч шүүх дайсанд тусласан гол хэргээр түүнийг зөвтгөсөн нь шуугиант мэдээ болов. АНУ-д «ОДХ» радиогийн сурвалжлагч Роман Мамонов шүүн таслах ажиллагааны төгсгөлийг ажиглаж байна.

Цэргийн баазын ойр хавьд цугларсан хэдэн зуун сэтгүүлч болон «Брэдлийг суллаарай», «Чөлөөтэй хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхийг хамгаалая», «Мэннинг урван тэрслэгч биш баатар мөн» зэрэг уриа лоозон барьж жагссан хориод хүн Мэриленд муж дахь Форт Мидэд эхлэх цэргийн шүүхийн хуралдааныг хүлээж байв.

Яллах шийтгэл гаргана гэдэгт хэн ч эргэлзэхгүй байсан. Хэр хатуу шийтгэх асудал л сонирхолыг татав. Wikileaks сайтад уламжласан нууц баримт бичгууд террористуудын гарт орохыг Мэннинг сайн мэдэж байсан. Энэ нь дайсанд санаатайгаар тусласан гэсэн үг гэдэгт шүүгчдийг итгүүлэхийг цэргийн прокурорууд бараг хоёр сар үргэлжлэсэн шүүн таслах ажиллагааны үеэр оролдсон юм.

Ингээд сонин үйл явдал болов. Шүүгч хурандаа Дениз Линд «дайсанд тусласан хэргээр» Мэннингийг зөвтгөв. Энэ хэргээр цэргийг хугацаанаас өмнө суллагдах эрхгүйгээр гянданд насаар нь хорих ял ноогдуулж мэдэх байсан. Түүнээс гадна Мэннингийг 2007 онд Иракэд америкийн Apache байлдааны нисдэг тэрэгний дайралтад Ройтер агентлагийн хоёр сэтгүүлч болон энгийн 12 оршин суугч амь насаа алдсан хэрэг явдлын дурс бичлэгийг нийт олонд зарлан мэдээлсэн ялыг хассан байна.

Энэ нь Мэннингийн өмгөөлөгчдийн гаргасан ганц амжилт билээ. Өөр хориод хэргээр гэм буруутай гэж шүүгчид тогтоов. Тухайлбал нууц материалыг хулгайлсан, компьютерээр луйвардсан, тушаалыг биелүүлэхээс татгалзсан хамгийн гол нь тагнан турших ажиллагаа явуулсан зэрэг ял Мэннингэд ноогдуулжээ. Wikileaks сайтад нууц мэдээллийг уламжласан явдлыг тагнан турших ажиллагаа хэмээн үзсэн юм.

Энэ нь «тусгай албадын хэт даврах ажиллагаа, хэвлэн нийтлэх эрхийг дайрсан, Обамагийн нэр нүүрээ барсан хэрэг» гэж сайтыг үндэслэгч Жулиан Ассанж хэлээд: «Энэ нь төрийн гэмт хэргийг илчлэгчийг хэвлэлтэй харилцсан тул «тагнан турших ажиллагаа явуулсан ялаар» яллах АНУ-ын түүхийн анхдагч тохиолдол юм. Энэ нь нэг ёсны тун аюултай үлгэрчлэх жишээ болж мэднэ. Энэ нь нууц мэдээллийг ил тод болгох, илчлэх явдалтай тэмцэх Обамагийн бодлогын болон сэтгуулчдийн эсрэг түүний «дайны» дөнгөж нэг хэсэг юм. Обамагийн засаг захиргаа тагнан турших ажиллагаа явуулсан ял илчлэгчдэд ноогдуулж, түрүүчийн ерөнхийлөгчдийг хамтад нь авснаас илүү олон удаа мөрдөн байцаах ажиллагааг санаачлав. Энэ нь үндэсний аюулгүй байдлаар зөвтгөж байгаа хэт даврах бодлогын жишээ юм» гэв.

Мэннинг 700 мянга гаруй баримт бичгийг Wikileaks сайтад уламжласныг дурдая. Эдгээр нь Ирак, Афганистанд хийсэн дайны явцад гарсан янз бүрийн будлианы тухай илтгэл, дипломат захидал харилцаа, Гуантанамогийн хоригдлуудын тухай мэдээлэл зэрэг билээ. Америкчууд дайн хийж байгаа бүс нутгийн энгийн номхон иргэдийн амь насыг хайхрахгүй байгаа тухай үнэнийг л хэлэх гэсэн гэж Бэрдли Мэннинг мэдээлжээ.