Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Бид таны бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, ОДХ гэж хаяглаж ирүүлнэ үү?

Зун цаг бол олон хүмүүсийн хамгийн дуртай улирал байдаг. Бугчим халуун байдаг ч гэлээ, чухамдаа зуны улиралд л хүн өөрийн санаанд таарсан амралт цэнгэлийг хайх боломжтой болдог. Энэ тухай Сүхбаатар аймгаас Дэлгэрмаа бидэнд ирүүлсэн захидалдаа ийн бичсэн байна.

“Сайн байцгаана уу? Редакцийн хамт олон та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг надад маш их таалагддаг. Би та нарт захидал бичье гэж аль эртнээс хүсч байсан. Юуны өмнө танай нэвтрүүлгээр өөрийн гэр бүлийнхэндээ болон найз нөхдүүддээ халуун мэнд хүргэж, тэдэндээ сайн сайхныг хүсч байгааг минь уламжилж өгөхийг хүсье. Тэд бүгд танай нэвтрүүлгийг бас дуртай хүлээн авч сонсдог. Зуны улиралд хүүхэд багачууд ихэнх цагийг гадаа өөрсдийн үе тэнгийнхэнтэйгээ тоглож өнгөрүүлдэг. Орос хүүхдүүд ямар тоглоом тоглох дуртай вэ? Энэ тухай ярьж өгнө үү?” гэжээ.

Эрхэм хүндэт Дэлгэрмаа! Үнэхээрийн зун цаг бол хүүхэд багачуудын хамгийн дуртай улирал. Сурагчдын зуны амралт, дулааны улирал, цаг уурын таатай нөхцөл, өдрийн урт энэ бүхэн нь эрүүл агаарт илүү их цагийг өнгөрөөх боломж олгодог. Орчин үеийн хүүхдүүд компьютерын тоглоомонд дуртай ч гэлээ, идэвхтэй тоглоомуудыг бас сонирхсоор байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ аль болохоор хотоос авч явахыг хичээж байдаг. Тэд тэднийг хүүхдийн зуслангууд юм уу, аль эсвэл хөдөө тосгон руу төрөл төрөгсөд рүүгээ явуулдаг. Орос хүүхдүүд бусдын адил дугуй унах, нуугдаж тоглох, нүдээ боож нуугдаж тоглох дуртай байдаг. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнхи нь хөл бөмбөгт дуртай. Охидууд дээс, черта /газар шохойгоор дөрвөлжин зурж, түүн дээгүүр үсэрнэ/ тоглоно. Хүүхдүүдийн дунд оюун ухаан хөгжүүлэх тоглоом их дэлгэрсэн. Жишээ нь, “хот” тоглоомнд өмнөх хүний нэрлэсэн хотын төгсгөлийн үсгээр эхэлсэн хотыг нэрлэж тоглодог.

Харин одоо сонсогч та бүхэнд “Дискотека Авария” хамтлагийн дуулсан “Малинки” дууг хүргэж байна.

Бидэнд янз бүрийн насны хүмүүс захидал ирүүлдэг. Тэр дундаа өсвөрийн хүүхэд залуучуудын ирүүлсэн захидлуудыг авахад бидэнд таатай байдаг. Дархан хотын арван жилийн дунд сургуулийн сурагч Оюунаа бидэнд бичсэн захидалдаа, “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн ах, эгч нарынхаа амар амгаланг айлтган, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Би та нарт анх удаагаа захидал бичиж байна. Би энэ жил 6-р ангид дэвшин суралцана. Би байгаль, ан амьтанд хайртай. Том болоод малын эмч болно гэж боддог. Манайх гэртээ нилээд хэдэн толгой бог, бод малтай. Би айраг уух их дуртай. Айраг зуны халуунд цангаа тайлдаг их сайхан, тэжээлтэй ундаа. Хамгийн их цагаан сүүтэй ямар амьтан байдаг тухай мэдмээр байна? Мөн “Браво” хамтлагийн дуунаас сонсохыг хүсч байна гэжээ.

Дэлхийд өөрсдийн үр төлөө сүүгээрээ хоолодог 6 мянга гаруй сүүн тэжээлтэй байдаг. Тэдгээрийн сүү амт чанар, тослог болон бодисуудынхаа бүтцээр ялгаатай байдаг. Уурагны өнгө сүүнд цагаан өнгө өгдөг аж. Хамгийн их цагаан сүүтэй амьтан бол туулай байдаг аж. Түүнээс гадна туулайн сүү маш их тэжээллэг байдаг. Нэг удаа эхийгээ хөөхсөн туулайн бүжин хоёр-гурван өдрийн өл даадаг байна. Түүнчлэн хамгийн их цагаан сүүтэй өөр нэг сүүн тэжээлтэнүүд бол халим загас болон хойд туйлын цаа буга юм. Харин гүүний саамны хувьд гэвэл, үүнд сүүний сахар агуулагддагаас тэжээллэг амттай айраг болдог аж.

Одоо манай сонсогч Оюунаагийн хүсэлтээр “Браво” хамтлагийн “Король Оранжевое лето” дууг сонсгоё.

Эрхэм сонсогчид оо! Та бүхэн “Манай шуудангийн хайрцаг” нэвтруулгийг сонсож байна. Одоо бид “Монголын анд нөхдийн холбоо” нийгэмлэг байгуулагдасны их ойд зориулан зарласан манай асуулт хариултын уралдаанд оролцсон бүх сонсогчдод хандаж байна. Та бүхэн ойртон сууж, анхааралтай сонсоно уу? Түүхэн ойг 5-р сарын 14-нд ёслон тэмдэглэсэн. Чухамхүү энэ өдрийг хүртэл бид асуулт хариултын уралдааны бүтээлүүдийг хүлээн авч байсан. Үүний дараа уралдааны дүнг гарган, ялагчдыг тодруулсан. Харамсалтай нь, уралдааны зарим ажлууд хоцорч ирсэн. Эдгээр ажлуудын ихэнхийг шуудангаар явуулсан байсан. Энэ дунд нилээд сайн ажлууд байв. Жишээлбэл, Дархан хотын Чимидийн Дорж, Улаанбаатар хотын Монголбуугийн Төмөрбаатарын ажлууд. Түүнчлэн манай эрт үеийн байнгын сонсогч, бидний дотны анд, “Оросын дуу хоолой” радиогийн асуулт хариултын уралдаануудын байнгын идэвхтэй оролцогч хатагтай Ё.Магсаржаламын маш сайн бүтээлийг бид хүлээн авсан. Асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцсон та бүхэнд дахин талархал илэрхийлье! Гэхдээ уралдааны дүн нэгэнт гарч, ялагчдыг тодруулсан тул, одоо юуг ч өөрчлөхийн аргагуй юм. “Монголын анд нөхдийн холбоо“ байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан уралдааны дүнгийн талаар та бүхэн манай нэвтрүүлгүүдээс мэдэж болно.

“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн захидлыг бидэнд Улаанбаатар хотын оршин суугч Эрдэнэбат ирүүлжээ.

“Би танай нэвтрүүлгийг байнга сонсдог. Миний нас жар хол гарсан. Ингэхдээ эрүүл амьдрах ёсыг хэвшүүлэн, өглөө бүр биеийн тамирын дасгал хийж, муу зуршлаас сэргийлж явдаг. Би тамхи ер татаж байгаагүй, тамхи бол эрүүл мэндэд маш муу нөлөөтэй. Эмэгтэйчүүд тамхи татдагийг би ойлгодоггүй. Одоо эмэгтэйчүүд тамхийг бүр их хэрэглэх болжээ. Энэ бол тун эмгэнэлтэй хэрэг. Орос улсад яадаг вэ? Эмэгтэйчүүд бас тамхи их татах уу?Ер нь тамхитай хир тэмцэж байгаа вэ?” гэж бичжээ.

:Эрдэнэбат гуай, та манай нэвтрүүлгийг цаашид сонсож байна гэдэгт бид найдаж байна. Харин одоо бид таны тавьсан асуултанд хариулъя. Орос улсад эрэгтэйчүүдийн хоёр хүний нэг нь, эмэгтэйчүүдийн таван хүний нэг нь тамхи татаж байна. Манай улсад тамхи татдаг хүмүүсийн тоо дэлхийн бусад орнуудаас хоёр дахин илүү байна. Статистикийн мэдээгээр, сүүлийн арван жилд Орос улсад тамхичдын тоо 15 хувиар өсчээ. Төрийн дум тамхитай тэмцэх хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Хуулийг батласнаар, тамхины төрлийн бүтээгдэхүүний акциз нэмэгдэж, тамхины жижиглэнгийн дээд үнийг тогтоох юм. Түүнчлэн, кафе, ресторанууд болон нийтийн тээврийн газрууд нь тамхины утаанаас чөлөөтэй болно. Тамхи татдаггүй хүмүүст саад болох газар, эргэн тойронд тамхи татхыг хориглох болно. Оросын иргэд бүр 2008 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины эсрэг тэмцэх конвенцид нэгдсэн юм. Харин одоо уг баримт бичгийн шаардлагуудад үндэсний хууль тогтоомжоо нийцүүлж байна. Энд тэмдэглэхэд, тамхичдад эл өөрчлөлтүүдэд дасах цаг хугацаа байх өгөх бөгөөд энэхүү хязгаарлалтууд нь аажимдаа хүчин төгөлдөх болох юм.

Таны эр зориг болон эрүүл амьдрах ёсыг эрхэмлэх нандин чанарыг тань хүндэтгэн, бид танд зориулан оросын нэрт хөгжмийн зохиолч Оскар Фельцманы “Физкультурная” дууг сонсгохоор бэлтгэлээ.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25, ОДХ гэж хаяглаж ирүүлнэ үү?