130 жилийн өмнө, 1883 оны 7 сарын 24-нд Орос улсын түүхэнд анх удаагаа олон улсын дугуйн тэмцээн Москвагийн морин тойруулгын талбайд болжээ. Энэ үйл явдал оросын дугуйн спортын төрсөн өдөр хэмээн тэмдэглэгдэх болжээ.

Тэр үед тамирчид, тухайн үед Орос улсад «аалз» хэмээн нэрлэгдэж байсан, урд дугуйн диаметр нь 1метр 80 см, хойд дугуй нь хамаагүй бага 50 см диаметртэй, дугуйгаар уралдсан байна. Москвагийн энэ дугуйн тэмцээнд гадаадад үйлдвэрлэсэн «аалз»-аар өрсөлдсөн байна.

Түүнээс гадна, ийм маягийн бүтэцтэй дугуй Орос улсад бүтээгдэхээр барахгүй, бүр 1801 онд илүү холын зайнд туршилт хийж байсан нотолгоо байдаг байна. Тэр үед Нижнетагилийн үйлдвэрийн дархан Ефим Артамонов, өөрийн бүтээсэн 2 дугуйтаар 5000 км замыг туулж Уралаас Санкт-Петербург хотноо, нэгдүгээр Александр хааныг өргөмжлөх ёслолд оролцохоор хүрэлцэн очжээ. Өөрийн энэхүү бүтээлээр хааны мөнгөн шагнал хүртжээ.

Үүнээс гадна, Артамоновтай хамт ажилладаг нөхөд дугуй-машин бүтээж Санкт-Петербург явах гэж байгаад, үйлдвэрийн даргаас дураар загнасны төлөө шийтгэл хүлээж саатуулагдсан байна. Ийн нэг хэсэг дугуйн хөдөлгөөн зогссон боловч хэдэн 10 жилийн дараа шинэ хүчээр дахин сэргэсэн байна. Анхны дугуйн уралдаан олны анхарлыг ихэд татсан гэж дугуйн хувийн музейн захирал Андрей Мятиев ярьж байна: «Үзэгчдийн тоо 25 мянгыг хол давсан байна. Оролцогчдын хувьд архивын ач тусаар бүх нэр нь тодорхой болсон. Тэмцээн олон улсын хэмжээний байсан бөгөөд түүнд Англи, Австри, Америкийн иргэн мөн оросын дугуйчид оролцсон байна».

1,5 км-ын зайнд Петербургийн дугуйчин Юлий Блок түрүүлсэн байна. Жилийн дараа албан ёсоор Москвагийн дугуйн нийгэмлэгийн дүрэм батлагдаж, улмаар тийм нийгэмлэг клубүүд бусад хотуудад үүсэх болсон. Дугуйн хөдөлгөөн өргөн тархах болсон. 1896 онд агуу зохиолч Лев Толстой 70 насандаа хотын гудамжаар гарамгай дугуй унаж явсан нь Москвачуудын гайхлыг төрүүлж байлаа.

1911 онд Анисимов Панкратов 2 жилийн дэлхийг тойрсон дугуйн аялалд гарч, Олон улсын дугуйн холбооны «Алмаазан од»-ын эзэн болсон байна. Тэр жилүүдээс өнөөг хүртэл дугуйн бүтэц төгөлдөржин боловсрогдсоор ирсэн. Гэвч сүүлийн үед хуучин цагийн дугуйнууд ихэд анхаарал татах болсон гэж Андрей Мятиев ярилаа: «Би олон жилийн турш эх орныхоо дугуйн уусэл гаралтай холбоотой материалууд, зураг, өөрийн амьдралаа дугуйтай холбосон хүмүүсийн хэрэглэж байсан янз бүрийн эд зүйлс зэргийг цуглуулж ирсэн. Миний цуглуулганд 400 гаруй дугуй, тэр дунд цэргийн, эрэгтэй, эмэгтэй хүний, уралдааны, 3 дугуйтай гэх мэтийн янз бүрийн, зарим нэг гайхалтай техникийн бүтэц зохион байгуулттай дугуй ч бас бий».

Энэ зун Москва хотод янз бүрийн бүтэц зохион байгуулалттай дугуйнууд, тэр ч бүү хэл 130 жилийн өмнө уралдаж байсан «аалз» төрлийн дугуй оролцсон түүхэн дугуйн уралдаан болсон. 2016 онд Орос улсад олон улсын түүхэн дугуй сонирхогчидын уулзалт болно. Түүнд бүх дэлхийн дугуй цуглуулагчид ирэх санаатай байна.