АНУ-ын ТТГ-ын тусгай албаны ажилтан Эдвард Сноуден өнөөдөр Орос улсын нутаг дэвсгэр дээр байх эрх олгох тодорхойлолт авч магадгүй. Энэ тухай оросын “Известия” сонин түүний өмгөөлөгч Анатолий Кучереныг иш татан уламжлав. Хуульчийн ярьснаар, эл баримт нь америк хүнд Орос улсад түр орогнох эрх олгож байгаа аж. Тэрээр цааш хэлэхдээ, лхагва гаригт ОХУ-ын Гадаадын иргэдийн асуудал хариуцах албаны Сноудены холбогдолтой хэргийг хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэв. Нөгөөтэйгүүр, энэхүү процесс нь нилээд хэдэн өдөр үргэлжилж ч магадгүй юм. Энэ бол дэндүү хүнд, ер бусын хэрэг гэж Кучерена хэлжээ. Бүхэлдээ Сноуденд Орос улсаас түр орогнол олгох тухай баримт бичгийн хэлэлцүүлэг гурван сар хүртэл хугацаагаар үргэлжилж мэдэх юм. Кучерена нь эл асуудлыг эерэгээр шийднэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Өмнө нь уламжилж байснаар, АНУ-ын ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден АНУ-ын тагнуулын албануудын үйл ажиллагааны тухай нууц мэдээллүүдийг интернет болон олон орны харилцаа холбооны сүлжээнүүдээр илчилсэнийхээ дараа Гонконг руу оргон зайлсан. Сноудены үзэж байгаагаар, ийм маягийн үйл ажиллагаанууд нь хүмүүсийн хувийн амьдралын болон хувийн мэдээллүүдийн халдашгүй дархан эрхийг зөрчиж байна. 6-р сарын 23-ны өдөр Сноуденыг Гонконгоос москвагийн “Шереметьево” олон улсын онгоцны буудал дээр буухад нь түүний америкийн паспортыг хүчингүй болгосон. Өмнө нь 7-р сард Сноуден нь Латин Америк руу очихын тулд Орос улсад түр орогнол хүсч хүсэлт гаргасан. АНУ Сноуденыг тагнуулын албануудын нууцыг задласан гэж буруутган, хэргийг шүүхийн тулд түүнийг шаардаж байгаа юм.