АНУ-ын БХЯ Сирид явуулах үйл ажиллагааны хэд хэдэн хувилбар түүний дотор хөндлөнгөөс оролцож хүч хэрэглэх хувилбарыг боловсруулсан гэж АНУ-ын армийн штабуудын дарга нарын Нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпси мэдэгдэв.

Цэргийн бус арга замаар тагнан турших, сөрөг хүчний төлөөлөгчдийг зэвсэг хэрэглэхэд сургах ба Сири дэх химийн зэвсгийн агуулахуудад хяналт тавихын тулд хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох хувилбар тэдгээрийн дотор байна.

Үүний хамт улс орны иргэний удирдлагаас хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох тухай шийдвэр гаргах ёстой гэж тэрээр хэлжээ. Мартин Демпси Сирийн талаархи Пентагоны төлөвлөгөөг тодорхойлсон захидал сенатын цэргийн хэрэг эрхлэх хороонд илгээсэн байна. Сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэх ба хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцох явдал ямар эрсдэлтэй болж мэдэхийг тэрээр захидалдаа тэмдэглэжээ.

Америкийн зэвсэг техник террорын бүлгүүдийн гарт орох аюулаас аваад сирийн эрх баригчдаас цохилт өгөх хүртэл эрсдэл билээ. Гэсэн ч АНУ Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг алсаас дараж, сирийн пуужингийн ба хуурай замын цэрэгт цохилт өгөх боломжтой байгааг тэрээр тэмдэглэв.

Гэвч ийм ажиллагаанд байлдааны хэдэн зуун нисэх онгоц, хөлөг онгоц түүнчлэн асар их хэмжээний хөрөнгө шаардагдана гэж Демпси тэмдэглэжээ. Зарлагын хэмжээ ажиллагаа хэр удаан үргэлжлэхээс шалтгаалж, хэдэн тэрбум долларт хүрнэ. Демпсийн тооцоолсноор сард 1 тэрбум доллар шаардагдах юм.

Сирийн эрх баригчдын цэргээс сөрөг хүчний бүлгүүдийн байрлалд агаараас цохилт өгөхөөс сэрэмжлэхийн тулд сирийн агаарыг хориотой бүс болгох нь Пентагоны бэлтгэсэн нэгэн арга хэмжээ гэж Демпси хэллээ.

«Тусгай хүчин болон хуурай замын цэргийн анги салбар Сири дэх гол гол барилга байгууламж-химийн зэвсгийн агуулахуудын аюулгүй байдлыг хангахын тулд Пентагон нэлээд идэвхтэй арга хэмжээ авах талаар авч үзэж хэлэлцэж байна гэж тэрээр мэдээлжээ.