Японы түүхэнд анх удаагаа жирийн иргэн хүн тус улсын бодлого болон эдийн засагт нөлөөтэй хүчирхэг нэгэн байгууллагын тэргүүний эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргав. Энд Японы “Ямагути-гуми” гэмт хэргийн синдикатын тухай яригдаж байна.

Нагое рестораны эзэгтэй тойргийн шүүхэд “Ямагути-гуми”-гийн тэргүүн Кэнъити Синодын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрбээр якудзагийн толгойлогчийн 1998 -2010 оны хооронд сүрдүүлэг, авилгын замаар түүнээс авсан 17,35 сая иенийг /175 мянган $/ буцаан төлөхийг шаарджээ. Дээрэмчид уг мөнгийг өгөхгүй гэсэнд, түүний рестораныг галдан шатаана гэж сүрдүүлж байжээ.

Японд 2008 онд баталсан хуулинд якудзагийн бүлгэмийн толгойлогч  өөрийн хариуцлагатнуудын гэмт хэргийн үйл ажиллагааны хариуцлагыг биечлэн хүлээдэг болсон бөгөөд үүний улмаас якудзагийн тэргүүн шүүхийн хаалга татахад хүрлээ.

Гэхдээ өнөөг хүртэл авилга, хээл хахуулийн золиос бологчид  өөрсдийн эрхийг хамгаалуулахаар шүүхэд хандаж байгаагүй юм.

Магадгүй, энэ  нь баримт нотолгоогүйгээс хүндрэлтэй байсан төдийгүй Японы амьдралд якудзагийн гүйцэтгэдэг үүрэгтэй холбоотой байсан байж мэдэх юм гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судалгааны хүрээлэнгийн шинжээч Андрей Иванов тэмдэглээд

«17-р зуунд анх бий болсон үеэсээ японы мафи  төрд үйлчилж байжээ. Нэртэй хөзрийн мөрийтэй тоглоомч Бандзуйин Тебэй  сегуны ордон орших Эдо хотод мөрийтэй тоглоомын газар нээсэн байдаг.

Түүнд юу ч үгүй болтлоо хожигдсон хүмүүс өрөө төлөх ёстой байлаа. Тэдэнд өрөө төлөх боломж олгохын тулд нутгийн цайзын барилга дээр ажилуулдаг байв. Гэтэл тэр цайз нь өнөөх Тебэйгийнх байжээ.

Хожим энэхүү технологи нь сегунатын хяналтан дор Япон даяар дэлгэрч, ажилчдын өрийг төрийн санд төлүүлэх үр ашигтай арга болж хувирсан. 20-р зууны эхэн үеэр якудзагийн гишүүд өдөөн хатгалга, сонгогчдын саналыг худалдан авах, улс төрийн захиалагт аллага хийж байлаа.

Тухайлбал, Иосио Кодамын “Тэнгэрийн үйл ажиллагааны холбооны” дайчид 1934 онд ерөнхий сайд адмирал Сайтог алсан» гэлээ.

Энэ гэмт хэргийнхээ төлөө Кодама гурван жил шоронд суусан гэдгийг Иванов сануулж байна.Гэхдээ суллагдсныхаа дараа хааны армид гайхалтай карьерын өсөлт хийсэн. Тэрээр 1939 оноос 1941 онд японы Маньчжурын тагнуулын сүлжээг толгойлсон юм.

Үүний дараа тэр Шанхайд арилжааны агентлаг байгуулж, хятадын байгалийн нөөц, хар тамхины наймаа, хууль бус зэвсгийн наймаан дээр асар их хэмжээний хөрөнгөтэй болсон. 1945 онд Кодама ерөнхий сайд, хан хүү Хигасикунийн ерөнхий зөвлөх болсон.

Эдгээр “гавъяаныхаа“ төлөө Япон улсыг бууж өгсний дараа америкийн Сугамо шоронд А бүлгийн цэргийн гэмт хэрэгтний хувиар явсан. Хожим нь эл бүлэгт Японы ерөнхий сайд Тодзио Хидэки хамрагдсан бөгөөд цаазын ял авсан.

«Гэхдээ Кодамаг цаазын ялаас хэлтэлсэн юм. Америкийн тагнуулын алба  түүнийг шоронгоос гарган, хаа сайгүй гаараад байгаа гэмт хэргийг хяналтандаа авахыг хүссэн. Кодама нь энэхүү үүрэгт ажлыг гайхамшигтай гүйцэтгэсэн.

Тэрбээр америкийн тагнуулын чамбай даалгавруудыг биелүүлж байсан. Жишээ нь  Хятадаас вольфрамын хил давуулсан наймааг хийж байв. Тэр бүр даалгаврыг  биелүүлж чаддаггүй байсан, гэхдээ америкчууд түүнтэй холбогдсондоо огтхон ч харамсаагүй аж.

Кодамагийн цуглуулсан Якудзагийн мөнгө 1955 онд социалистууд болон коммунистуудын нэгдлийн эсрэг хариу болох Японы Либерал-ардчилсан намыг байгуулахад маш их үүрэг гүйцэтгэсэн гэх яриа байдаг» гэж гэж Иванов хэллээ.

50-аад оны сүүл үеэр эрх баригчид, якудзагийн хооронд нууц тохиролцоо тогтсон. Юу вэ гэвэл, мафи нь зүүний болон үйлдвэрчний хөдөлгөөнийг тогтоон барихад дэмжлэг үзүүлж, үүнийхээ хариуд бизнес эрхлэгчдээс бараг ил цагаанаар татвар татах боломжтой болсон.

Ингэхдээ Кодамагийн даалгавраар мафийн бүлгүүд  ялангуяа, томоохон болон дунд зэргийн бизнест үндэсний эдийн засгийн ашиг сонирхолд хор учруулахгуйгаар үйл ажиллагаагаа явуулж байв.

Тиймээс зарим түүхчид Кодамаг “японы эдийн засгийн гайхамшиг” гэж нэрлэгдэх болсон 60-аад оны Японы эдийн засгийн дээд хэмжээний өсөлтөнд асар их гавъяа байгуулсан гэж үздэг.

Гэтэл зарим шинжээчид якудзагийн үл хөдлөх хөрөнгийн дамын наймаа нь 1980-оны эцэс 1990-оны эхэн үеийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн сүйрэл болон эдийн засгийн хямралын гол шалтгаануудын нэг гэж үздэг.

Якудзатай хийх тэмцлийн нэг хэцүү нь ерөнхий сайд асан Зюнъитиро Коидзумийн ярьснаар “Япон улсад орон нутгийн мафийн толгойлогчийг таньдаггүй нэг ч парламентын гишүүн үгүй” ажээ.

Магадгүй, Нагоегийн “Ямагути-гумигийн” толгойлогчийн эсрэг нэхэмжлэл нь Японы түүхэнд шинэ хуудсыг нээж мэдэх юм. Якудзатай хийх тэмцэлд цагдаатай японы жирийн хүмүүс мөр зэрэгцэн зогсч байна.