7-р сарын 18-нд дэлхий дахинаа Нельсон Манделагийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. 2009 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын анхны хар арсьт ерөнхийлөгчийн төрсөн өдөрт зориулж ийм шийдвэр гаргасан байна. Ийм маягаар дэлхий нийт, Нельсон Манделагийн эрх чөлөө энх тайвны үйл хэрэгт байгуулсан гавьяаг үнэлэн талархалаа илэрхийлсэн байна. Өнөөдөр Нельсон Мандела 95 нас хүрч байна.

Энэ өдөр мянга мянган өмнөд африкчууд Манделагийн эмчлүүлж байгаа Преторийн эмнэлэгт ирцгээсэн байна. Хэдийгээр Мандела өндөр настай, уушгины хүнд халдварт өвчний улмаас биеийн байдал хүнд байгаа боловч ерөнхийлөгч асны биеийн байдал сайжирч байна.

Нельсон Мандела, 1918 оны 7 сарын 18-нд Өмнөд Африкийн Зүүн Капын мужид Тембу овогийн ахлагчийн гэр бүлд төржээ. Гэр бүлийнхнээсээ хамгийн анх сургуульд орсон бөгөөд улмаар тэр үед хар арьстан сурч болох цорын ганц их сургууль болох Форт-Хэрийн их сургуульд орсон байна.

1944 онд Мандела Африкийн Үндэсний Конгрессын (АУК) залуучуудын холбоонд элсэж, удалгүй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг идэвхтэй тэмцэгчдийн нэг болсон байна. Хожим түүний гавьяаг дэлхий нийт өндөр үнэлсэн юм гэж Оросын ШУА-ийн Өмнөд Африк судлалын төвийн ажилтан Александра Архангельская тэмдэглээд

«Нэгэн үе Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах бодлого баримталж байлаа. Нельсон Мандела АУК-ыг эсэргүүцэгч хөдөлгөөний удирдагчийн нэг байв. Эцсийн бүлэгт НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон дэлхий дахин энх тайван, зөвшилцлийн замаар цөөнхийн эсрэг онц хэлмэгдүүлэлтгүйгээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэлд АУК –ын оруулсан хувь нэмрийг үнэлсэн байна» гэлээ.

Мандела АУК-ын «Үндэсний жад» хэмээх цэргийн жигүүрийг удирдаж байсан байна.Тэдний зорилго, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдын бэлэгдлийн газрууд болох засгийн албан байгууллагууд, шүүх болон албан бүртэлийн газруудыг дэлбэлэх явдал байв. Гэхдээ тэд аль болох хохирол гаргахгүйг хичээж байв.

1962 онд Мандела арьс өнгөөр ялгаварлан гадуурхах дэглэмийг түлхэн унагах бэлтгэл ажлын төлөө  шоронд хоригдох ял авсан билээ. Зөвхөн 1990 онд л суллагдсан байна. Энэ үйл явдлыг олон улс орны телевизийн компаниуд шууд дамжуулан үзүүлсэн байна. Суллагдсан өдрөө тэрээр ард түмнийхээ өмнө үг хэлсэн байна.

Тэрээр улсынхаа цагаан арьстангуудтай тайван замаар үл ойлголцлыг зохицуулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд олонх болох хар арьстануудыг сонгуульд оролцох эрхтэй болгох түүний гол зорилго хэвээрээ гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

1994 онд Мандела Өмнөд Африкийн ерөнхийлөгчээр сонгогдон, 5 жилийн турш улс орноо удирджээ. Гэвч одоо хир нь ард түмэн түүнийг «Ноён ерөнхийлөгч» хэмээн нэрлэсээр байна гэж Оросын ШУА-ийн Африкийн хурээлэнгийн ажилтан Владимир Шубин дурсаж байна.

«Мандела эхнээсээ би ганц л сонгуулийн хугацаанд ерөнхийлөгч байна гэсэн амлалтаа биелүүлсэн. Тэрээр шууд л эвлэрлийн замаар явж бүгдээрээ хамтдаа ардчилсан Өмнөд Африкийг бүтээн босгохыг уриалсан.

Тэр үед, солонгын бүх өнгөтэй үндэстэн гэдгийг илэрхийлсэн «Солонгын үндэстэн» гэсэн нэр томъёо бий болсон. Ийм байдлаа тэрээр огцорсон хойноо ч баримталсаар ирсэн. Түүний арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг дэглэмийг шийдвэртэй арга замаар харилцан дэмжиж, улс төрийн зөвшилцөлд оролцоход, албан тушаалд зууралдахгүйгээр улс орны удирдагч хэвээр үлдэх бэлэн байдал зэрэг нь агуу хүндлэл төрүүлж байгаа юм» гэж Владимир Шубин хэллээ.

Уламжлал ёсоор НҮБ, Нельсон Манделагийн төрсөн өдрөөр хүн бүрийг бусдад туслахын төлөө 67 минут зарцуулахыг уриалж байна. Тэрээр амьдралынхаа өдий хугацааг хүний эрхийг хамгаалагч энэрэнгүй үйлс, энхийн үйл хэрэгт зориулж, улс төрийн хоригдол, олон улсын хэмжээний энхийн зүтгэлтэн байсан. 1993 онд түүний гавьяа зүтгэлийг үнэлж Нобелийн энх тайвны шагнал хүртээсэн байна.