Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Бид таны бүхний сонирхосон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Зуны аагим халуунд хотын бугчим агаар, нарны хүчтэй туяанаас найдвартай хамгаалах газар бол цэцэрлэгт хүрээлэнгүүд, паркууд байдаг. Нарны гэрлээс хамгаалан, модны сүүдэрт сэрүүцэх юутай сайхан. Москвагийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон соёл-амралтын паркууд манай сонсогчдын сэтгэлд хэдийнэ хүрчээ. Улаанбаатар хотын сонсогч Цэцэн бичсэн захидалдаа ингэж бичжээ.

“Монгол хэлний нэвтрүүлгийн редакцийн хамт олонд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, ажлын өндөр амжилт хүсье!Танай радио нэвтрүүлгийг би олон жил сонсож ирлээ. Би оростой олон зүйлээр холбогдсон. Хүүхэд насандаа анх удаа Москвад очиж байсан. Тэр үед Москва хот надад маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Москва маш олон сайхан ой мод, цэцэрлэгт хүрээлэнгүүдтэй юм билээ. Горькийн нэрэмжит парк миний сэтгэлд тодхон үлдэсэн. Паркийн түүхээс; мөн одоо ямар болсон тухай ярьж өгнө үү ?”

Цэцэн!Одоо таны сонирхсон асуултанд хариулья.

Горькийн нэрэмжит соёл-амралтын төв хүрээлэн 1928 онд хотын төв хэсэгт Москва голын эрэг дээр байгуулагджээ. Горькийн нэрэмжит парк нь одоо болтол нийслэл хотын төв парк хэвээр байгаа бөгөөд энд ердийн өдөр 20 мянга гаруй хүн ирдэг байхад, амралтын болон баяр ёслолын өдрүүдэд 100 мянга гаруй хүн ирдэг байна. Паркийн нутаг дэвсгэр нь битүү ногоон ой модоор хүрээлэгдсэн бөгөөд энд 60 гаруй төрлийн мод ургадаг. Паркийн нутаг дэвсгэр дээр сарнай цэцэг болон бусад олон төрлийн цэцгүүдийг тарьж, суулгасан байдаг. Гоёж чимсэн горхи, усан оргилуурууд олон байдаг. Түүнээс гадна спорт, бүжиг болон ч хичээл заадаг газрууд байдаг. Горькийн нэрэмжит соёл-амралтын төв хүрээлэнгийн олон тооны сонирхолтой тоглоомнууд, хүүхдүүдэд зориулсан эко-клуб, үзэсгэлэнгийн павильон, театр энэ бүгд нь янз бүрийн насны хүмүүсийг сүрхий татдаг юм. Саяхан тэнд томоохон хэмжээний засварын ажлыг явуулж дууслаа. Үүний дараа тус парк улам үзэсгэлэнтэй сайхан болсон.

Бидэнд та бүхний ирүүлсэн манай нийтлэл нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтүүд байнга чухал байдаг. Эрдэнэт хотоос манай байнгын сонсогч Дариймаа бичсэн захидалдаа.

«Танай радио нэвтрүүлгийг саяхнаас сонсох болсон юм. Би олон сонирхолтой, ашигтай зүйлийг мэдэж авч байна. Мөн танай сайтыг идэвхтэй уншиж байна. Би зурагт радио маш ховор үздэг, зурагтын мэдээний багтаамж миний санаанд төдийлөн хүрдэггүй.

Танай нийгэм-улстөрийн сэдэвтэй нийтлэл нэвтрүүлгүүд надад их таалагдаж байна. Би өөрөө жаахан англи бас хятад хэлтэй. “Оросын дуу хоолой” радиогийн хятад, англи хэлний сайттай бас танилцдаг. Эндээс надад нэгэн сониучхан асуулт төрсөн юм. Танай радиогийн ямар хэлний редакц хамгийн олон захидлыг авдаг вэ? Энэ тухай ярьж өгнө үү?»

Дариймаа, танд баярлалаа. “Оросын дуу хоолой” радиогийн Азийн нэвтрүүлгийн хэлтсүүдээс хамгийн их олон захидлыг Япон, Энэтхэг, Пакистан болон Хятад редакц авдаг. Манай радио станцын зарим хэлтэсүүд улс орнуудаараа бус, харин хэлнийхээ зарчмаар нэгддэг, жишээ нь, англи, испани болон португаль хэлээр нэвтрүүлэг явуулдаг орнууд гэх мэт зарчмаар тогтсон байдаг бөгөөд эдгээр хэлний нэвтрүүлгүүд хамгийн олон захидал хүлээн авдаг.

Учир нь эдгээр хэл дээр дэлхийн олон орон ярьдаг тул тэнд хэд хэдэн улс орнууд орсон байдаг. Монгол хэлээр ярьдаг хүний тоо ч гэсэн, хэзээ нэгэн цагт энэ оргил дээр хүрэх болтугай гэж ерөөе.

Та бүхэн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг сонсож байна.

Монголын уншигчид хэзээнээс зөвлөлтийн, оросын сонгодог уран зохиолыг их сонирхож, уншиж ирсэнийг бид сайн мэднэ. Дархан хотоос хатагтай Цэцэгмаа бичсэн захидалдаа:

“Сайн байцгаана уу?Би оросын зохиолчдын зохиол, бүтээлүүдийг унших их дуртай. Ялангуяа, сонгодог зохиолд дуртай. Өвлийн урт үдшээр би дуртай зохиолчдынхоо номыг унших бүр дуртай. Харамсалтай нь, одоо манай улсад хүмүүс ном бага унших болжээ. Орос улсад яаж байна? Хамгийн их эрэлт хэрэгцээтэй ямар ном байна ? Энэ тухай ярьж өгнө үү?” гэжээ.

Эрхэм Цэцэгмаа! Захидал ирүүлсэн танд их баярлалаа. Судалгаагаар, Орос улс нь ном уншигч хүн тоогоороо дэлхийд долдугаар байранд явж байна. Энэ нь нэг талаас насанд хүрсэн оросын иргэд их уншидгийг харуулж буй юм.

Тэдний сонирхолын төвд янз бүрийн уран зохиол байдаг. Энэ бол сонгодог уран зохиол, орчин үеийн уран зохиол, энэ нь уламжлалт хэвлэлийн бүтээгдэхүүн төдийгүй, одоо үеийн цахим ном ч байна.

Нөгөө талаас өсвөр үеийнхэн ном бага унших болсон шалтгаан бол хэвлэл мэдээллэлд асар их зугаа цэнгээн гарч ирсэнтэй шууд холбоотой. Нэгэн томоохон Интернет сайтаас социологийн санал асуулга явуулахад, хамгийн их нэрд гарсан жанр бол зөгнөлт зохиол байна.

Мөн оросын иргэд оросын болон дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүд, түүхэн романууд, адал явдалтын зохионыг унших дуртай хэвээр байна. Ингэхдээ тууж болон дурлалын романуудыг бараг уншихыг больжээ.

Одоо Цэцэгмаа, танд зориулан оросын эстрадын нэрт дуучин Олег Газмановын “Есаул” дууг сонсгоё.

Манай редакцид Улаанбаатар хотын сонсогч Оюунаа ийм нэгэн захидал ирүүлжээ.

“Сайн байцгаана уу? Та бүхний бэлтгэн явуулдаг нэвтрүүлгийг дуртайя хүлээн авч сонсдог. Нэвтрүүлэг бүрээс өөртөө хэрэгтэй, ашигтай зүйлийг олж авдагтаа их баярладаг. Та бүхэн сонсогчдын хүсэлтэнд хариу өгч байхыг олонтоо сонссон болохоор би хандахаар шийдсэн юм.

Тэр юу гэвэл, миний нөхөр арван жилийн өмнө ОХУ –ад томилолтоор явахдаа гэртээ нэгэн гоёмсог поднос авчирсан юм. Энэ бол миний хайртай поднос юм. Ажиглаад байсан чинь манай энэхүү поднос оросын бренд бүтээгдэхүүн бололтой.

Уг поднос нь төмөр бөгөөд дээрээ тод өнгийн алаг цэцгийн баглааг хар өнгөн дээр фонлон зурсан байдаг юм. Энэхүү хосгүй бүтээлийн тухай ярьж өгнө үү? Хариулвал маш баярлана “ гэжээ.

Бидэнд хандаж хүсэлт тавьсанд баярлалаа. Бид Таны асуултанд дуртайя хариулъя. Таны нөхрийн авчирсан тэр поднос бол жостовын поднос бололтой.

Төмөр подносын чимэг зураг нь 18-р зууны дунд үед Уралд бий болсон бөгөөд дараа нь 21-р зууны эхний хагаст Москва орчмын Жостков, Троицк, Новосельцево тосгонуудад дэлгэрсэн юм. Жостовын зургийн үндсэн гол сэдэв нь ерөнхийдөө хар юм уу, аль эсвэл улаан өнгийн фон дээр цэцгийн баглааг дүрслэн зурсаар иржээ.

Сонирхолтой нь бусад өнгүүд энэ хоёр өнгөөс харьцангуй цөөн гардаг. Зураг бүр давтагдашгүй бүтээл байдаг. Зураач энэхүү зургийг амьд натураас бус, үлгэр загвараас бус, харин сэтгэлдээ ургуулан зурдагаас давтагдашгүй байдаг юм. Нилээд хэдэн төрлийн зохиомжууд байдаг.

Цэцгүүдийг подносын периметрээр хэлхээ цэцгээр дүрсэлсэн байх бөгөөд өөр бас гурав, таван цэцгээс бүрдсэн баглаа цэцгийн зурагнууд ч бий. Мөн сагстай зурсан цэцгүүд ч байдаг. Цэцгүүдийг төрөл бүрийн жимсний хамт тэр ч бүү хэл, шувуутай хамт зурсан ч байдаг.

Жостовын подносыг маш нимгэн гангаар хийдэг. Подносуудад хөрс суулгаж, өнгөлсний дараа хар өнгийн тосон лакаар будаж, давхар бүрийг /ган лист /халуун зууханд хатаадаг байна. Хээ угалзыг алтан шар юм уу, цагаан өнгийн лакаар зурж, цайрны тос цацдаг.

Зурсаны дараа жостовын бүтээгдэхүүн дээр гурван удаа өнгөгүй лак түрхэж, халуун зууханд хатаагаад, нарийн ширхэгтэй нунтгийг цацаж, толь шиг гялалзтал нь гараараа өнгөлдөг. Өнөөдөр жостовын энэхүү бүтээгдэхүүн нь оросын ардын урлалын нэг төрөл болсон.

Одоогийн байдлаар Москва мужийн Жостов тосгон болон Нижний Тагилд оросын лакан зурагтай хосгүй подносын үйлдвэрлэл төвлөрөөд байна.

Тиймээс, эрхэм Оюунаа, танай гэрт оросын уламжлалт урлагийн эрхэм бүтээл байгаа юм байна шүү. Өнөөдөр жостовын поднос маш үнэтэй бэлэг дурсгалын зүйлд ордог. Та бүхэн энэхүү зүйлдээ нямбай хандаж байхыг зөвлөе.

Одоо та бүхэнд зориулан оросын ардын урлагийн нэртэй “Алтан бөгж” хамтлагийн “Амьдрал ямар сайхан юм бол» дуугаар “манай шуудангийн хайрцаг“ нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг өндөрлье.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.