Египетийн төрийн тэргүүний үүрэг түр гүйцэтгэгч Адли Мансур улс орныхоо улс төрийн бүх хүчин түүний дотор «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд хандан хамтран ажиллахыг уриалав. Тус хөдөлгөөний бараг бүх удирдагч болон хэдэн зуун идэвхтнийг баривчилжээ. Лалынхныг дэмжиж байсан телевизийн бараг бүх сувгийг хаасан байна.

Гэвч «Лалын ахан дүүс» хөдөлгөөн ба огцоруулсан Мухаммед Мурсийн талынхан жагсаал цаашид хийж, ерөнхийлөгч хууль ёсоор сонгогдосныг анхааруулан хамгаалах бодолтой байна гэж Каирын эмэгтэй оршин суугч хэлээд

«Цэргийнхэн ард түмнийг хууран мэхлэсэн. БХ-ын сайд ас-Сиси засаг солигдсоныг зарлан мэдээлсний дараагаар лалынхны бүх телевизийн сувгийн нэвтрүүлгийг зогсоов. Энэ нь эрх чөлөө гэж үү?»

«Лалын ахан дүүс» хөдөлгөөн «засгийн эрхийг булаан эзлэгчдийг» хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан боловч зэвсэгт тэмцэл хийхгүйгаа мэдэгдэв. Олон нийтийн арга хэмжээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэхгүй бол саад учруулахгүй гэж цэргийнхэн батлан илэрхийлэв.

Энэ нь хоёр жилийн тэртээх цуст ажиллагаа давтагдахгүй гэдэгт найдах боломж олгож байна гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Андрей Коротаев тэмдэглэн хэлээд

«Харамсалтай нь хатуу хувилбарыг сонгон авч, иргэний дайн дэгдээж болзошгүй. Ийм нөхцөлд миний бие «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдлагын цэцэн мэргэн бодлогод найдаж байна. Юу гэвэл сөрөг талын үйл ажиллагааны хариуд зохих арга хэмжээ авч, ил тод сөрөг хүчин болох нь тус хөдөлгөөнд одоо ашиг тустай болно.

Ойрын саруудад «Лалын ахан дүүс» хөдөлгөөн оноо авах юм. Сонгууль яаралтай явуулвал «Лалын ахан дүүс» хөдөлгөөн ялагдана. Гэвч үйл явц сунжирвал «Лалын ахан дүүс» засгийн эрхэнд хууль ёсоор ахин гарч мэднэ» гэв.

ОХУ-ын ГХЯ Египетийн улс төрийн бүх хүчинд хандан тэсвэр тэвчээртэй байж, нийт үндэстний эрх ашгийг удирдлага болгож, тулгамдсан улс төр, нийгэм-эдийн засгийн бүх асуудлыг ардчилсан арга барилаар шийдвэрлэхийг уриалав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ардчилсан зарчмыг баримтлан иргэний засаг захиргааг Египетэд аль болох түргэн сэргээхийг шаардав. Парис шинэ засагт хандан огцоруулсан Ерөнхийлөгч Мухаммед Мурсийг зохих ёсоор хүндэтгэхийг уриалжээ.

Ард түмний хүсэл эрмэлзэлийг тусгахгүй байгаа цэргийн хөндлөнгийн оролдлого гэж Турк Египетэд болсон үйл явдлыг дүгнэн тодорхойлов.