Европын парламентын бүх долоон фракцийн удирдагчид ЕХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдийн газруудын эсрэг америкийн тусгай албадын тагнан турших ажиллагааг мөрдөн байцаахыг парламентын иргэний эрх чөлөө, хууль цааз, дотоод хэргийн хороонд даалгав.

Мөрдөн байцаах ажлын үр дүнг энэ оны эцэс гэхэд зарлаж мэдээлнэ. Страсбургад Европын парламентын бүх гишүүний чуулганаас ийм шийдвэр гаргажээ.

«ЕХ АНУ-тай байгуулсан бүх хэлэлцээрийг таслан зогсоож, хувь хүний мэдээ баримтыг хамгаалах тухай хэлэлцээр байгуулахад америкийн түншүүдийг албадвал зохино» гэж европын байгаль орчны асуудал эрхлэх депутат Даниэль Коэн-Бенди мэдэгдэв.

Европын парламент дахь Францын депутат Брюно Гольниш «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа европын орнуудын удирдагчид алмайран сууж байгаа нь гайхал төрүүлсэн гээд

«Харамсалтай нь манай засгийн газраас АНУ-ын талаар сөгдөх байр суурь баримталж байна. Франц улсаас чөлөөт худалдааны асуудлаархи хэлэлцээг хоёр долоо хоногоор хойшлуулах ганц хүсэлт тавьсан.Бүх юм ил тод байсан.Хэлэлцээ товлосон өдөр эхлэнэ гэж ХБНГУ-ын канцлер хатагтай Меркель мэдэгджээ.

Бид АНУ-аас хичнээн их хамаарагдаж байгаа явдал сэтгэл хөдөлгөв. Тэр ч байтугай Франц Боливийн Ерөнхийлөгч ноён Моралисын нисэх онгоц нутаг дэвсгэрий нь дээгүүр нисэхийг хориглосон нь цочирдон гайхах хэрэг болсон. Энэ нь миний төр улсын нэр төрийг гутаасан хэрэг хэмээн үзэж байна» гэв.

Европын орнуудын төрийн тэргүүн нар эгдүүцлээ илэрхийлэхээс гадна өөр ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь Европт олонхийг гайхуулав. Улс төрчид сайндаа америкийн тусгай албадын тагнан турших ажиллагааг мөрдөн байцаахаар л шийдвэрлэжээ.

«Бүгд ийм ажиллагаа явуулдаг. Энэ нь олон улсын терроризмээс иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотой» гэж АНУ түншүүдээ мөрдөх шалтгааныг тайлбарлажээ.

АНУ терроризмын асуудлыг ямар ч гэмт хэргийг халхавчлаж зөвтгөхөд ашиглаж байна гэж Европын парламент дахь Францын депутат Брюно Гольниш үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Терооризмын эрсдэл АНУ-аас манай улс орнуудад учруулсан ноцтой аюул юм. Тус улс терроризмтэй тэмцэхдээ ямар ч ажиллагаа явуулахаас буцахгүй байна.Тагнан турших ажиллагаа нь өөр шалтгаантай байсан нь тод зүйл. Жишээ нь АНУ-ын түнш орнуудын байр суурийг мэдэхийг оролдсон байх. Энэ нь хууль бус ажиллагаа гэж үзэж байна» гэв.

Европын орнуудын удирдагчдыг бодоход хилэгнэн зэвүүцэж байгаа европынхэн саналаа ил шууд илэрхийлэн ярьцгааж байна. «Тагнуулч түншүүдтэй харилцан ажиллагааг зогсоовол зохино» гэж олонхи нь мэдэгдэв. АНУ тагнан туршихаас илүү аюултай ажиллагаагаа далдлан нууж байгаа бололтой гэж европын олон оршин суугч үзэж байна.