ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуденыг тойрсон хэрүүл шуугиан туйлдаа хүрэв. Түүнээс болж Боливи Улсын Ерөнхийлөгчийн нисэх онгоцыг дипломат халдашгүй эрхгүй болгов. Эво Моралесын онгоц Москвагаас Ла-Пас руу нисэх замдаа Вена хотноо арга буюу буужээ. Тэнд онгоцонд үзлэг хийсэн байна.

Боливи Улсын Ерөнхийлөгч Эво Моралесын онгоцны нислэгийг европын орнууд саатуулав. Франц, Португал, Испани улсууд агаарын орон зайгаа хаажээ. Эдгээр улс америкийн тагнуулын нууцыг задлан илчлэсэн Эдвард Сноуден онгоцонд байхаас эмээсэн юм.

Эво Моралес байгалийн хий нийлүүлэгч орнуудын дээд хэмжээний уулзалтад оролцоод Москвагаас эх орон руугаа буцаж байсан. Үүний өмнө Боливийн Ерөнхийлөгч оргосон тагнуулчийн байдлыг тайлбарлан хэлэхдээ улс төрийн шалтгаанаар хоргодох эрх түүнд олгох асуудлыг авч үзэж мэднэ гэжээ.

Тэгээд Моралес Сноуденыг Орос улсаас нууцаар гаргахаар шийдвэрлэсэн гэсэн дүгнэлт европын хэдэн улсын удирдагчид үүнийг үндэслэн хийжээ. Иймээс тэд ерөнхийлөгчийн онгоцыг нисэх онгоцны буудалууддаа буулгах, бүр улс орнуудынхаа агаарын орон зайг ашиглахыг хориглов.

Эдгээр улс хууль зүйн үүднээс тэгэх эрхтэй байсан гэж хуульч Лина Тальцева тэмдэглэн хэлээд «Ер нь ийм үйл явдал урьд өмнө ч болж байсан. Жишээ нь 2004 оны 3-р сард Гүрж Ажарын удирдагч Аслан Абашизег эх оронд нь буцаахгүйн тулд агаарын орон зайгаа хаасан билээ.

Мөн түүнчлэн 2011 онд Туркмен, Тажикистан хоёр улсын засгийн газрууд АНУ-ын шахалтаар улс орнуудынхаа агаарын орон зайг давж гарахыг Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширт хориглов. Энэ удаад ч ерөнхийлөгчийн онгоц нутаг дэвсгэрий нь дээгүүр нисч гарах улс буюу зочны эрх ашгийг авч үзвэл улс төр л гол үүрэг гүйцэтгэсэн» гэлээ.

Гэсэн ч Боливийн Ерөнхийлөгчийг тойрон бий болсон өнөөгийн нөхцөл байдал олон улсын эрх зүйн хүрээнд урьд тохиолдоогүй. Австри Эво Моралесын онгоцыг хүлээж авсан юм. Дипломат ажилтнууд онгоцны цаашдын нислэгийг шөнөжин ба маргааш нь үд хүртэл уялдуулан зохицуулав.

Хэлэлцээ хийсний дараа Франц, Португал улсууд агаарын орон зайг нь давах зөвшөөрөл өгөв. Испани эсэргүүцсээр байв. Сноуден онгоцонд алга гэж Боливийн Ерөнхийлөгчийн хэлсэнд итгэлгүй, онгоцонд үзлэг хийх зөвшөөрөл Австрид суугаа Испанийн элчин сайдад өгөхийг шаардав. Боливи хилэгнэн зэвүүцэж, мөн хувилбарыг няцаав.

Тэгээд Австрийн холбооны Ерөнхийлөгч Хайнц Фишер Моралестой биеэчлэн хэлэлцээ хийхээр нисэх онгоцны буудалд хүрэлцэн очжээ. Австрийн төлөөлөгчид Моралесын онгоцон дотор орж, Сноуденыг олоогүй байна гэж удалгүй мэдээлжээ.

Испани улс дээгүүр нь нисэхийг зөвшөөрөв. Эво Моралес гэртээ харих замдаа ахин гарав. Гэвч энэ будлиан олон улсын хэмжээнд хэрүүл шуугиан дэгдээсэн гэж ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Олон улсын судлалын хүрээлэнгийн захирал Александр Орлов хэлээд

«Олон улсын эрх зүйн хүрээнд урьд үзэгдээгүй хэрэг явдал болсон. Дипломат халдашгүй эрхтэй төрийн тэргүүний нисэх онгоцонд үзлэг хийж болно гэж уу? Ямар нэг улсын эрх баригчид гадаад улсын Элчин сайдын яамны талаар хууль бус арга барил хэрэглэснийг хүлцэж болом хэрэг гэж үү? Энэ нь төрийн тэргүүн ба түүний тээврийн хөсөгт бүрэн хамаатай» гэв.

Женевэд НҮБ-д суугаа Боливийн элчин сайд Анхелика Наварро Йанос Боливийн Ерөнхийлөгчийн онгоцонд хийсэн үзлэгийг түрэмгийлэл, олон улсын хууль тогтоомжийг зөрчсэн хэрэг хэмээн нэрлэв.

Аргентин, Эквадор улсуудын ерөнхийлөгчид Эво Моралестой эв санаа нэгт байгаагаа илэрхийлэв. Өмнөд Америкийн үндэстний холбооны гишүүн орнуудын удирдагчид Боливийн Ерөнхийлөгчийн онгоцны тойронд хэрэг явдал болсонтой холбогдуулан яаралтай хуралдаан хийлгэх бодолтой байна.

ЕХ-ны олонхи гишүүн Сноудены нийтлэсэн мэдээллийг ичиж зоволгүй авсныг хэлэх хэрэгтэй.Европын улс төрчид хуучин тагнуулчийн цаашдын мэдээллийг тэсч ядан хүлээж байгаа нь эргэлзээгүй.

Гэвч америкийн талыг бухимдуулахаас эмээж байна. Гуравдахь улсын талаар басамжлан доромжлох ажиллагаа явуулсан нь дээр гэж үзсэн байх. Энэ нь европын дипломат ажилтнуудын улигт хоёр нүүрт бодлого юм.

Олон улсын хэрүүл шуугиан дэгдээсэн Эдвард Сноуден урьдын адил москвагийн «Шереметьево» нисэх онгоцны буудлын нэвтрэн дамжих бүст байсаар байна. Тэр хэдэн улсад явуулсан улс төрийн шалтгаанаар хоргодох эрх өөртөд нь олгох мэдүүлэгт өгөх хариуг хүлээж байна. Одоогоор нэг ч улс нааштай хариу өгөөгүй.