Египетийн арми ард түмнийхээ төлөө цус урсгахад бэлэн байна гэж Зэвсэгт хүчний дээд зөвлөл Ерөнхийлөгч Мухаммед Мурси албан тушаалаа хугацаанаас өмнө орхихоос татгалзсны дараа мэдэгдэв. Цэргийнхэн сөрөг хүчинтэй лхагва гариг хүртэл тохиролцох болзол Мурсид тавьжээ. Тэгэхгүй бол байдлыг хяналтдаа авна гэж цэргийнхэн амлав.

Ингээд Ерөнхийлөгч Мурси улс оронд нь гарсан улс төрийн хямралыг эв зүйгээр зохицуулж чадахгүй бол генералууд оролцож болзошгүй.Зэвсэгт хүчин ерөнхийлөгчийн эсрэг тэмцэл хөдөлгөөнийг дарах гээгүйгээ Мурсид анхааруулав.

Египетийн цагдан сэргийлэх хүчин бас жагсагчдын талд орсон байна. Засгийн газрын хэдэн гишүүн сайн дураараа огцров. Ерөнхийлөгчэд үзүүлэх дэмжлэг суларч байна.

Мурсийн ойрын зөвлөх «Лалын ахан дүүс» хөдөлгөөний нөлөө бүхий удирдагч Исам Хаддад АНУ ба ЕХ-нд хандан ерөнхийлөгчийг жагсагчдаас хамгаалах олон улсын цэргийг Египет руу явуулах хүсэлт тавьжээ. Үүнд одоогоор хариу өгөөгүй байна. Гэвч өрнөдэд найдах хэрэггүй гэж шинжээчид үзэж байна.

Ямар байсан ч Мурси засгийн эрхэнд байх аргагүй болсон. Тэрээр өөрөө огцрох эсвэл түүнийг огцоруулах нь улс оронд чухал биш гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Дмитрий Марьясис үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Тэгсний дараа Египетийн байдал энх амгалан болох уу? Үгүй, болохгүй гэж бодож байна. «Арабын хавар» гэгчийн 2 дахь үе эхлэх бололтой. Эргэлтийг өөрсддөө ашигтай болгохыг янз янзын бүлэг оролдоно. Египетийн байдал амгалан тайван болох яагаа ч үгүй» гэв.

Одоо ч гэсэн Египетэд хүмүүс амь үрэгдэж байна. Мурсийн талынхан ба түүнийг эсэргүүцэгчдийн зэвсэгт мөргөлдөөн Каирын их сургуулийн ойролцоо гарсны улмаас 16 хүн амь үрэгдэж, бараг 200 хүн бэртэж шархджээ.

Дор хаяж 17 сая хүн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Египетэд өрнөж эхлэсэн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнд оролцож байна. Гэвч 30 саяас цөөнгүй хүн оролцож байна гэж сөрөг хүчин батлан илэрхийлжээ.