Өнөөдрийн манай хөгжмийн хөтөлбөрийн баатар бол “ДДТ” хамтлаг болон тус хамтлагийн ахлагч Юрий Шевчук байна. (Дуу)

”ДДТ” хамтлагийг үүсгэн байгуулагч Юрий Шевчук 1957 онд нь ОХУ-ын Алс-Дорнодын Магадан мужид төржээ. Түүнийг 13 настай байхад тэдний гэр бүл Башкирийн нийслэл хотод нүүж иржээ. Юрий Уфа хотын Багшийн дээд сургуулийн уран сайхны зураасан зургийн ангийг төгсжээ.

Тэр хөдөөгийн сургуульд зургийн багшаар ажиллаж байв. Энэ үедээ бас шүлэг бичиж, дуу зохиож байв. 1980-аад оны эхэн үед тэр өөрийн санаа нийлсэн нөхдийн хамт “ДДТ” хамтлагийг байгуулсан.

Тэр үеэс өнөөг хүртэл үл ялим сөөнг өвөрмөц хоолойтой Юрий Шевчук өөрийн зохиосон дуунуудыг рок хөгжимтэй тоглож үзэгч олныг дагуулах болсон. (Дуу)

1982 оны “Алтан Камертон” уралдаанд Шевчук тэргүүн байрыг эзлэж, нэрд гарсан юм. Гэтэл “ДДТ” хамтлагийн уран бүтээлд зөвлөлтийн эсрэг өнгө аяс цухалзаж байгаа мэтээр тэр үеийн эрх баригчид шүүмжилж байв.

Ингээд 1984 онд Юрий Шевчукийг Уфа хотоос гарч явахыг шаарджээ. Амьдрах шинэ газар эрэлхийлэн явсаар Шевчук Санкт-Петербургэд ирж, улмаар тэндээ суурьшиж, “ДДТ” хамтлагийн шинэ бүрэлдэхүүнийг байгуулсан юм.

80-аад оны сүүл үеэр өөрчлөн байгуулалтын уур амьсгалын ачаар өмнө үед тавигдаж байсан бүх хоригууд тавигдаж, рок хөдөлгөөн ч өмнө байгаагүй ер бусын эрх чөлөөтэй болов. 1992 онд Юрий Шевчук “Жүжигчин бүсгүй -Хавар “ шинэ цомгоо гаргажээ.

Түүний энэ цомогт орсон “ Эх орон” дуу нь ард түмний дуулах дуртай хайртай дууны нэг болсон юм. Юрий Шевчукийг концертын хөтөлбөртөө энэ дууг дуулах бүрд танхим дүүрэн хүн түүний энэ дууг оруулан түрэн авдаг байлаа. (Дуу)

Юрий Шевчук зогсонги үед ч, өөрчлөн байгуулалтын үед ч, ЗХУ бутарсан тэр үед ч өөрийн уран бүтээлийг нэр хүндтэй авч явсан.

“ДДТ” хамтлагийн хамгийн сүүлд гарсан цомог “Пропавший без вести” /” Сураггүй алга болсон хүн/ нэртэй юм. Түүнийг бичихэд хөгжимчинд бараг хоёр жил шаардагджээ. Энд орсон дуу бүр нь амьдралын тухай, хүмүүсийн тухай, өнгөрсөн болон одоо үеийн тухай юм.

“Сураггүй алга болсон хүн” цомог нь тус хамтлагийн сонгодог цомог болсон. Хөгжмийг Юрий Шевчук бичсэн хэдий ч, энэ цомогт орсон хөгжим рок урсгалаас хол давсан байлаа. Энд жааз хөгжим, ардын урлагийн өнгө аястай холилдон цухалзана.

Энэ цомогт орсон “Понимающее сердце” /”Ойлгох зүрх” / зохиомжоор бид Юрий Шевчук болон “ДДТ” хамтлагийн уран бүтээлд зориулсан хөгжмийн хөтөлбөрөө өндөрлье. (Дуу)