Ц.Элбэгдорж Монгол улсын Ерөнхийлөгчээр улиран сонгогдов. Монголын Сонгуулийн төв комиссын тоо баримтуудаас харахад тэрээр сонгогчдын 50,23 хувь санал авчээ. Элбэгдоржийн гол ерсөлдөгч Монгол ардын намын төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ сонгогчдын 41,97 хувь санал авсан байна.

Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч ойрын гурван жилд паламентын сонгууль хүртэл Ардчилсан намаас дэмжлэг авч, үзэл санаагаа тайван хэрэгжүүлэх боломжтой байна. Ардчилсан нам засгийн газар, парламент болон орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагуудад давамгайлж байна. Гэвч Ардчилсан намын эгнээнд ерөнхийлөгчийг сөрөн зогсож мэдэх хүчин байна гэж улс төр судлаач Владимир Родионов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Өнгөцхөн харахад Ардчилсан нам эв нэгдэлтэй байна. Харин үнэн хэрэг дээр тийм бишээ. Намын олон фракц зөвшилцөхгүй байж, Элбэгдоржийн алхамуудыг тэр болгон сайшаахгүй байна. Дотоодын зөрчлийн хүчин зүйл ойрын жилүүдэд тодорхой үүрэг гүйэцтгэж болзошгүй. Сөрөг Монгол ардын нам эрх баригч хүчинд нөлөөлж чадахгүй.

Тус нам парламент ба орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагуудад дийлэнх олонхийгоо алдсан төдийгүй намыг нэгтгэн нягтруулж, бодит сөрөг хүчний хувьд түүнийг манлайлж чадах удирдагч үгүй.

Бат-Эрдэнэ их тэмцэгч боловч нийт олны улс төрч биш. Монгол ардын намд дотоодын хүнд хямрал гарсан нөхцөлд Ардчилсан намын фракцууд ерөнхийлөгчийг сөрөн зогсох ёс төдий үүрэг гүйцэтгэж мэднэ. Энэ нь Ерөнхийлөгч ба засгийн газрын шийдвэрийн үр дүнд нөлөөлж болзошгүй» гэв.

Энэ нь хөрөнгө оруулах уур амьсгал, гадаадын компаниудыг улс орныхоо баялаг орд газруудыг эзэмшихэд оролцуулах зэрэг орчин цагийн Монгол улсад чухал асуудалд хамаатай. Сүүлийн 1,5 жилд уур амьсгал доройтож, гадаадын хөрөнгө оруулагчдыг түгшүүлсэн юм. Ерөнхийлөгч үүнд бас нөлөөлсэн. Чухам Элбэгдорж ашигт малтмал олборлох зөвшөөрлийн бичиг өгөх ажлыг түр зогсоож, гадаадын хөрөнгө оруулагчдад маш олон хязаарлалт ногдуулах хуулийн төслийг санаачилсан юм.

Одоо улиран сонгогдсон Элбэгдорж эл асуудлаар хатуу бодлогоо өөрчлөх бололтой гэж Владимир Родионов хэлээд «Тэрээр прагматик үзэлтэй ерийн улс төрч юм. Гадаадын хөрөнгө оруулагчдад хязгаарлалт ногдуулах олонхи алхам нь сонгуулийн өмнөх стратегитэй нь холбоотой байсан бололтой.

Тэрээр улс орныхоо ашиг сонирхолыг хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж, шинжээчдийн үзэж байгаагаар Монгол улсад гүнзгий үндэс язгууртай болсон «эдийн засгийн үндэсэрхэг үзэл» гэгчийг баримтласан юм. Одоо нөхцөл байдал өөрчлөгдлөө. Элбэгдорж улс төрийн оноогийн хойноос хөөцөлдөх шаардлагүй болсон хийгээд нам хэдэн жил үзэл санаагаа хэрэгжүүлэх боломжтой байна.

Миний бодоход ашигт малтмалыг эзэмшихэд гадаадын хөрөнгө оруулах тухай хууль тогтоомжийг зөөлрүүлэхэд нөлөөлөх юм. 2012 он болон 2013 оны эхний хагас жил монголын эдийн засагт таагүй болов.

Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, дэлхийн зах зээлд нүүрс, зэс болон монголын экспортын өөр гол төрлийн бүтээгдэхүүний үнэ хямдрасантай холбогдон эдийн засгийн өсөлтийн хурд унав. Хөрөнгө оруулах уур амьсгалыг сайжруулах явдал эдгээр зохисгүй үзэгдлийг зөөлрүүлэхэд туслана» гэв.

Орос, Хятад улсуудтай харилцааг бэхжүүлэх, «гуравдахь түнш» өөрөөр хэлвэл олон улсын бусад томоохон этгээдүүдтэй хэлхээ холбоог хөгжүүлэх Монгол улсын удирдлагын стратегийн чиг бодлого өөрчлөгдөхгүй хэвээр байх нь эргэлзээгүй.