Оросын Тувагийн БНУ-д Олон улсын хөөмийн VI симпозиум-наадам өндөрлөв. Тувагийн нийслэлд Орос улсын бүс нутгуудаас тухайлбал, Алтай, Хакаси, Якутск, Чукотк, Башкортостанаас хөөмийчид ирж оролцов. Мөн Монгол, Хятад, Япон, АНУ, Австралиас төлөөлөгчид ирж оролцожээ. Өөр бас европын зарим орнуудаас ч хөөмийчид оролцов. Харин симпозиум-наадмын эрдэм-шинжилгээний арга хэмжээнд хөөмий судлаачид оролцжээ.

Мэдээж хэрэг, юуны өмнө энэ нь хөөмийчдийн наадам юм. Энэ бол хөөмийчдийн томоохон тоглолт. 100 гаруй оролцогчдын 70 нь тувагаас, бусад 30 нь гадаадын оролцогчид. Хөөмийг гоо зүйгүй, хэрэггүй гэж үзэж байсан зөвлөлтийн урт удаан үеэс дараа сэргээх зорилгоор ийм төрлийн анхны уулзалтуудыг 90-ээд оны үед зохиож байжээ.

Харин одоо наадам нь маш их сонирхол татаж байгаа төдийгүй, Тувад аялал жуулчлал хөгжүүлэхэд нөлөөлж байна. Энэ тухай Соёлын сайд Вячеслав Донгок хэлэхдээ

«Энэхүү арга хэмжээ нь Орос улсын янз бүрийн бүс нутгууд болон гадаадын бусад орнуудын олон жуулчдыг татаж байна. Энэ жил гадаадын зочин гэхэд л 250 хүн иржээ. Кызыл хотын төв талбайд жинхэн “гэр хотхон” байгуулжээ.

Наадамд оролцож байгаа үндэстэн бүр өөрийн гэрийг барьжээ. Гэр бүрд тухайн үндэстний хоол, ундыг амтлах боломжтой байлаа. Эндхийн талбай дээр хөөмийн концертууд боллоо. Эндхийн арга хэмжээнүүдэд оролцохоор Тувагийн хөдөөнөөс уламжлалт хөөмийчид иржээ. Бид манай үндэсний театрын хөөмийн түүхэнд зориулсан тоглолтыг тоглосон.

Энэ хөтөлбөртөө бид ардын урлагийн төрлүүдээс ардын дуу, уламжлалт ёс заншлыг харуулсан яруу найргыг оруулсан. Үүнийг бас хэрхэвч мартах ёсгүй юм. Наадамд янз бүрийн насны хүмүүс оролцсон бөгөөд хүн бүр өөрт таалагдсан хөөмийг сонгосон» гэлээ.

Хөөмий нь нүүдэлчдийн байгаль эхтэйгээ холбогдож байгаа шүтэн барилдлага юм. Үүнд салхины чимээ, уул ус, ан амьтан, шувууны дууг гайхамшигтай сайхнаар дүрслэн харуулдаг. Тувад “байгалийн гоо сайхныг дүрслэгч” хэмээн хөөмийчдийг нэрлэдэг.

Хөөмийчид хэдэн наснаасаа хөөмийлэх болсноо тэр бүр санадаггүй. Тэд хөөмийг өлгийтэй байхаасаа мэдэрч ирсэн гэж тувагийн хөгжмийн уламжлалыг судлаж байгаа хөгжим судлаач Валентина Сюзюкей тэмдэглээд

«Тувачууд болон азийн бусад монгол туургатан ард түмэнд ийм авиа гаргах боломжтой анатомын болон физиологийн өвөрмөц онцлог байхгүй. Энэ хоолой бол үндэстэнд байгаа юм биш, харин үзэл бодол, уламжлал ёс заншилд байгаа юм.Хөөмий нь нүүдэлчдээс, анчдаас үүдэлтэй.

Тэд байгальтай нягт уялдаа холбоотой амьдардаг. Тэдний хувьд тойрон байгаа орчин бол амьд байгаль: мод, уул ус, гол горхи эд бүгд өөрийн сахиустай.

Малчин хүн байгалаа шүтэн биширч, лус савдагтайгаа ярьж, байгал дэлхийгээ магтан дуулдаг. Энэ нь байгаль дэлхийгээ хайрлаж, хүндэтгэлтэй хандах хүмүүжил олгодог» гэв.

Энэ уламжлалыг мэддэг хүмүүс байгаль эх ийм бэлгийг бас урамтай хүлээж авдаг аж. Жишээ нь ан амьтан хөөмий сонсоод гэр рүү дөхөж ирж сонсдог байна.

Өнөөдөр Тува улсын хөгжмийн коллежид хөөмийч мэргэжлээр суралцах боломжтой. Дэлхийд хөөмий нэрд гарсан энэ үед Тувагийн хөгжимчид дэлхий дахинаар аялаж хөөмийн урлагаас танилцуулж байна. Европ, Америк, Австрали, Азийн зарим орнуудад хөөмийн сургуулиудыг нээж,  сурагчид  Тувагийн наадамд оролцохоор ирж байна. Энэ тухай Валентина Сюзюкей хэлэхдээ

«Манай хөгжимчдийн аялан тоглолтуудын ачаар дэлхий дахинд хөөмийчид олон болоод байна. Олон хүмүүс хөөмийг аудио бичлэгээр сурч байна. Сонирхолтой нь, Тувагийн хөөмийч бол, мэргэжлийн ч бай, сонирхогч ч бай, аливаа хөгжмийг хайлахдаа нэг нотыг дахин давтадгүй.

Харин тухайн үед шинэ юм жаахан нэмдэг. Тэгвэл гадаадынхан зааснаас гарч чаддагүй. Өөрөөр хэлбэл, тэд чөлөөтэй дүрсэлж чаддаггүй. Гэхдээ тэд маш их хичээдэг, уйгагуй хүмүүс байдаг. Гадаадынхны гуравны хоёр нь тувагийн дууны үгийг хүртэл цээжилсэн байдаг.

Залуу хөгжимчид орчин үеийн хөгжмийн зэмсэгүүдийг хөөмийтэй хослуулж, гайхамшигтай аранжировкууд хийдэг. Ингэхдээ хамгийн гол нь энд арилжаанаас уламжлал ёс заншил илүү давамгайлах ёстой юм» гэлээ.

Хөөмийг шоу болж хувирах вий гэх болгоомжлолыг америкийн эрдэмтэн Теодор Левин хэлж байна. Тэр өөрийн бичсэн “Шинэ нүүдэлчдийн хөгжим” номыг симпозиум дээр танилцуулсан. Продюсер болон угсаатны хөгжим судлаач Левин 1980 аад оны эцсээс тувагийн хосгүй хөөмийн тухай судалгааны ажлыг хийж байна.

Чухамдаа түүний ачаар Азийн Тувагийн гүнд нуугдсан хөөмий дэлхийн хүртээл болж байна. Түүний үзэж байгаагаар, тувагийн хөгжмийг сонирхогчид жилээс жилд өсч байна. Янз бүрийн үеийн хөгжимчдийн уран бүтээлийн олон төрлийн хэлбэр болон уран бүтээл нь тувачуудыг хөөмийн нэг номерын ард түмэн болох боломж олгож байна.