Эдийн засгийн салбарт Орос улсын стратегийн чиг бодлого Төв Банкны халаа сэлгэлгэ ба Кремлийн засаг захиргаа, Сайд нарын танхимаас үл шалтгаалан өөрчлөгдөхгүй хэвээр байх болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын бүгд хуралдаан дээр мэдэгдэв.

Орос улс экспортын гол төрлийн бараа таваары нь үнэ нэлээд нэмэгдэх нөхцөлд олон жил амьдарсныг тэрээр дурдав. Энэ нь их хэмжээний зарлагыг нөхөх боломж манай төр ба компаниудад олгосон.

Ерөнхийлөгчийн хэлснээр эдүгээ мөн хүчин зүйл үгүй болсон. Өнөөгийн байдал «сахилга бат, урьтлалын оновчтой сонголт, урт хугацааны зорилго ба өдөр дутмын зорилтын биелэлтийн зөв тэнцвэрийг» шаардаж байна.

ОХУ-ын эдийн засгийн өсөлт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх явдал, хөрөнгө оруулалт, инноваци зэрэг гурван түшиг тулгууртай байх ёстой гэж Владимир Путин тэмдэглэв. Санхүүгийн удирдлагыг сайжруулах, дэд бүтцийн зарлагыг бууруулах, хүний капиталыг хөгжүүлэх, бизнес эрхлэхэд өрсөлдөх боломж олгох нөхцлийг бүрдүүлэх замаар ахиц дэвшил гаргаж болно.

АНДБН-ийн орнуудад байгалийн шингэрүүлсэн хийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх гэж байгаа нь түүний экспортыг аажмаар либералчлах шийдвэр гаргах боломж Орос улсад олгоно гэж Путин мэдэгдлээ.

«Шингэрүүлсэн хийн экспортыг либералчлах нь усан дорхи эх газрын үргэлжлэл, эрэг хавийн бүс нутагт хий олборлох чадавхийг бүрэн ашиглах боломж бидэнд олгоно» гэж Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Мөн алхам гадаадаас оросын эдийн засагт хөрөнгө оруулах замын нэг болно. «Роснефть» Хятад улсад 25 жилийн дотор бараг 46 сая тонн нефть жил дутам нийлүүлэхээр төлөвлөснийг Путин онцлов.

Түүний хэлснээр Алс Дорнод дахь хоолойн шинэ дэд бүтэц болон Хятад улс ба Номхон далайн тэнгисийн агуулахууд руу салаа хоолой тавих нь Ази Номхон далайн зах зээлд өргөн цар хүрээтэй төсөлүүдээ хэрэгжүүлэх боломж Орос улсад олгох юм.

Улс орондоо үйлдвэр худалдааны уур амьсгалыг сайжруулах нь бүх хэмжээний түшмэдийн эн түрүүнд биелүүлэх зорилт болох ёстой. Улс орон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах эсэх нь төрийн албан хаагчдын үр бүтээлтэй үйл ажиллагаанаас хамаарна гэж Владимир Путин тэмдэглэв.

«Ажлын орон тоог бий болгож байгаа үйлдвэрлэл эрхлэгчдийг бид манайх, гадаадынх гэж ялгахгүй байна. Үр бүтээлтэй ажиллагсдад ажлын дээд зэргийн нөхцөл бүрдүүлэхийг хичээж байна. Орос улсад тэднийг ашигтай, тухтай, аюулгүй ажиллах нөхцлөөр хангахын тулд бүхнийг хийнэ гэж Оросын Ерөнхийлөгч хэллээ.

Орос улс тээврийн дэд бүтцээ бүрэн шинэтгэнэ гэж Владимир Путин мэдэгдлээ. Бид Сибирийг нэвт дамжсан төмөр замыг буурьтай шинэтгэж, нэвтрүүлэх чадвары нь өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ нь дэлхийн хамгийн урт төмөр замын нэг билээ. Сибирийг нэвт дамжсан төмөр зам бараг 10 км урт юм. Бид Алс Дорнод, Сибирийн хөгжилд хүчирхэг шижим түлхэц үзүүлнэ.

Тээврийн дэд бүтэц маань азийн эрчимтэй хөгжиж байгаа зах зээлүүдэд тун ойртож байна. Амар голын дээгүүр гүүр тавих нь Оросыг АНДБН-ийн зах зээлд гаргах боломж олгох бас нэг чухал төсөл юм.

Форумын хүрээнд зохих хэлэлцээрт хятадын түншүүдтэй гарын үсэг зурсан юм. Ерөнхийлөгчийн хэлснээр Орос улс буцаах үндсэн дээр дэд бүтцэд 450 тэрбум рубль оруулахад бэлэн байна.

Түүнчлэн Владимир Путин дараачийн Петербургийн олон улсын эдийн засгийн форум G8 дээд хэмжээний уулзалтын өмнө 2014 оны 6-р сарын 4, 5-ны өдрүүдэд Сочид хийх санал тавьжээ.