Хятадын «Петрочайна» нефть хийн компани занарын хий дамжуулах улс орныхоо анхны хоолойг баруун-өмнөд Сычуань мужид барьж эхлэв.

Гэсэн ч занарын хийг АНУ-ын чанадад таван жилийн дараа их хэмжээгээр олборлож эхлэх бололтой гэж энерги ба олон улсын бодлогын талаар дэлхийд нэрд гарсан Пулитцерын шагналтан Дэниел Ергин Петербургийн эдийн засгийн форум дээр мэдэгдэв.

Хятад улс «занарын хувьсгалын» талаар АНУ-ын дараа хоёрт орно. Мексик,Аргентин,Саудын Арави магадгүй Орос улс зохих чадавхитай гэж америкийн шинжээч үзэж байна. Олон улсын энергийн агентлагийн тоо баримтуудаас харахад Хятад улс дэлхийд занарын хийн нөөцөөр тэргүүлж байна.

АНУ бусдаас түрүүн «занарын хувьсгал» хийсэн ч занарын хийн нөөцөөр 4-р байр эзлэж байгаа.Аргентин, Алжир улсууд мөн үзүүлэлтээр түүнээс бас тэргүүлж, Орос 9-р байр эзлэж байна.

Гэвч Хятад занарын хийн талаар америкчудын амжилтыг давтаж чадахгүй бололтой гэж Үндэсний энергийн аюулгүй байдлын сангийн захирал Константин Симонов үзэж байна. Тэгэхэд туслах орчин цагийн технологи Хятадад үгүй.

АНУ энэ салбарт ноёрхох байр сууриа алдахгүй, Хятадад зам тавихгүй. Үндэсний энергийн хүрээлэнгийн захирал Сергей Правосудов Хятадад «занарын хувьсгалыг» саатуулж мэдэх өөр асуудалд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Занарын хийд тавьсан найдвар одоогоор бүтэхгүй байна.АНУ-ыг бодоход занарын хий агуулах давхрагын геологи нарийн түвэгтэй байна. Иймээс АНУ-д 1000 шоо метр занарын хийн үнэ 150-200 доллар байхад хятадынх бараг 350 доллар болно. Энэ нь хятадын хэрэглэгчдэд таалагдахгүй байна. Хятадад усны асуудал тулгарсан. Аж үйлдвэрийн дорвигүй хөгжил гол мөрний усыг бохирдуулав. Олонхи гол ширгэж үгүй болсон» гэв.

Занарын хий олборлох үеэр химийн бодис нэмсэн их хэмжээний ус хий агуулсан давхрагад шахаж хийдэг. Хятад улс ус дутагдсан нөхцөлд хийн олборлолтод ус зарцуулахад бэлэн биш байна. Иймээс Хятадад «занарын хувьсгал» хийхэд ус хэрэглэлгүй олборлох технологи шаардагдана.

Хятадын занарын хий дамжуулах анхны 93 км урт хоолой баруун-өмнөд Сычуань мужийн Чаннин хошууны орд газрыг төв хийн хоолойтой холбох юм. Төв хоолойгоор Юньнань мужид хий дамжуулдаг.

Сычуаньд занарын хий туршилтын дэглэмээр олборлож байгааг хятадын төлөөлөгчид хүлээв. Энэ муж газар хөдлөх аюултай бүст оршдог. 2010, 2013 онд тэнд газар хүчтэй хөдлөв. Хий олборлогчид шинэ түлхэц үүсгэж мэднэ гэж Сергей Правосудов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Занарын хийн олборлолт газар хөдлөхөд хүргэж мэднэ. Хятадад газар олонтаа хөдөлдөг. Иймээс байгалийн гай гамшгийг даамжруулах бодлого явуулахгүй бололтой.Үүнтэй холбогдуулан Хятадад занарын хий их хэмжээгээр олборлохгүй байх» гэв.

Энэ онд тендер зарлах занарын хий олборлох газрыг 10 хүртэл цөөрүүлэх тухай хятадын эрх баригчдын шийдвэр үүнтэй холбоотой байгаа бололтой гэж саяхан хятадын «Жунго жэнцюань бао» сонинд бичжээ. Нэг жилийн өмнө ийм 23 хэсэг газрыг эзэмшихийн төлөө тендер зарласан билээ. Өрсөлдөөн ширүүн болсон.

Гэвч одоо тендерт тэргүүлсэн зарим этгээдийн сонирхол буурч, бүр геологийн хайгуул хийж эхлээгүй байгааг Улсын хөгжил, шинэтгэлийн удирдах газрын дэргэдэх Энергийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал Зян Синьминь хүлээв.

Технологийн зөвлөмж өгч, анхны геологийн хайгуулын зардлыг хэсэгчлэн нөхөнө гэж төрөөс энэ оны тендерийн тэргүүлэгчдэд амлажээ. Гэвч энэ арга хэмжээ занарын хий бүхий давхрагын хүнд түвэгтэй бүтэц болон олон жилийн туршлагатай мэргэжилтэн дутагдаж байгаагитйн уршгийг арилган нөхөж чадах уу?