БНАСАУ-ын удирдагч болон түүний шадар хүмүүс Гитлерийн «Майн кампф» номыг судлаж байна. Оросын солоногос судлаачид New Focus International онлайн-хэвлэлд гарсан тус мэдээллийг өөр өөрөөр тайлбарлаж байна.

Гитлерийн номыг дөнгөж 100 ширхгээр хэвлэн гаргасан тухай хэвлэл мэдээлжээ. Гэсэн ч нацизмын үзэл сурталчны бүтээлийг БНАСАУ-д хориглосон юм.Умард Солонгосын удирдагчийн ойрын түшмэд энэ номыг бүр 1-р сард Ким Чен Уны төрсөн өдөр гэхэд авсан шиг байна. Гэвч дөнгөж 6-р сарын 17-нд энэ тухай мэдээлжээ.

Умард Солонгосын залуу удирдагч Швейцарт сурч байхдаа Гитлерийн өвтэй танилцаад одоо «Майн кампф» номыг судлахыг шадар хүмүүстээ санаачилсан гэж хэвлэл тэмдэглэжээ. Энэ нь суртал нэвтрүүлгийн санаанаас зохиосон бас нэг зүйл гэж Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн Солонгосын судлалын төвийн удирдагч Александр Воронцов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Энэ нь өдөөн хатгах зорилготой ор үндэсгүй шал дэмий зүйл юм.Ким Чен Ир, Ким Чен Ун нарыг зохисгүй байдлаар харуулахыг удаа дараа оролдсон. Иймээс энэ удаагийн оролдлого гайхал төрүүлэхгүй байна. Миний бодоход шал дэмий оролдлого» гэлээ.

New Focus International Умард Солонгосын амьдралыг дан зохисгүй байдлаар дүрслэн харуулдаг. Гол төлөв Хятадад дүрвэн шилжсэн хүмүүсийн мэдээллийг үндэслэж байна. Сүүлийн үед тэдний тусламжтайгаар Умард Солонгосын удирдагчийн дур зоргын ажиллагаа гэгчтэй холбоотой санаанаас зохиосон хэдэн зүйлийг шүүрэн авч тархаав.

Тэрээр буруутсан генералуудыг миномётоор буудан хөнөөж, ард түмний дайсны хүүхдүүд дээр химийн зэвсэг туршиж байна гэх мэт зүйл тэдгээрийн дотор байна.

Гэсэн ч New Focus International хэвлэлийн энэ удаагийн мэдээлэл зарим талаар үнэн байж болзошгүй гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Түүний мэдээлснээр Умард Солонгост гадаадын янз бүрийн зохиолчийн олон бүтээлийг орчуулж байна.

Нийт олонд биш, тусгай хадгалах газарт зориулж хэвлэн гаргадаг. Тухайлбал ЗХУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах хорооны тэргүүн дэд дарга асан Филипп Бобковын « Нийгмийн аюулаас хамгаалах хороо ба засаг» номыг орчуулсан билээ.

New Focus International хэвлэлийн мэдээлснээр Гитлер дэлхийн 1-р дайнд ялагдснаас хойш Германы эдийн засаг, цэргийн сүр хүчийг ахар богино хугацаанд сэргээснээс практик ашиг тус олох хэрэгтэй гэж Ким Чен Ун үзэж байна. Энэ нь үнэн байх гэж Оросын ШУА-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн солонгосын хөтөлбөрийн захирал Георгий Толорая үзэж байна.

Ким Чен Ун Умард Солонгосын оршин суугчдыг залхаасан чучхе үзэл санаанд нэмэх үндэсний шинэ үзэл санааг эрэж байна гэж шинжээч мэдээлэв. Дайн байлдаан болон империалистууд ба тэдний тоглоомын этгээдүүдээс хамгаалах урианаас гадна өөр ямар нэг зүйлээр ард түмнийг зоригжуулан дагуулж явах шаардлага гарсан.

Иймээс ХХ зууны эхээр гарсан германы национал-социалистуудын толгойлогчийн ном узэл суртлын явцуу бүлгийн нэг ёсны гарын авлага болох ёстой гэж Георгий Толорая үзэж байна.

Умард Солонгосын удирдагчид улс үндэстнээ чучхе үзэл санаагаар нэгтгэн нягтруулж ирсэн гэж Александр Воронцов дээрх саналыг эсэргүүцэн хэлэхдээ

«Удирдагчид нь таатай биш хүнд бэрх нөхцөлд улс үндэстнээ удирдлагыг тойруулан нягтруулах зорилтыг гарамгай биелүүлж ирснийг БНАСАУ-ын түүх нотлон харуулж байна. Эрх баригч элитыг бутаргах явдал сөрөг хүчний зорилгын нэг болсон нь тохиолдлын хэрэг биш.

Эрх баригч элитыг оролцуулан өнөө болтол эв нэгдлээ бэхжүүлж ирсэн. «Майн кампф» номыг хэрэглэлгүй үндэсний хэрэгслээрээ тэгж бэхжүүлсэн. БНАСАУ-ын удирдагчид нэмэлт хэрэгсдийг эрэж, энэ бүтээлийг ашиглахаар шийдсэн гэж төсөөлөх нь үнэн байдалд огт нийцэхгүй» гэв.

Ямар байсан ч Пхеньян эдийн засаг, улс төрийн шинэтгэлийн хятадын ч вьетнамын ч туршлагыг аль хэдийнэ судлаж эхлэсэн юм. Улс орон чучхе үзэл санаанд улам гүнзгий автаж бүрэн ганцаардах тусам дэглэмийн үндэс сууринд илүү хүчтэй аюул тулгарч, эрх баригчид засгийн эрхээ алдахаас эмээх юм.