Сири улсын байдал «Их наймын» ээлжит дээд хэмжээний уулзалтын гол сэдэв болно. Ямар байсан ч энэ асуудал 6-р сарын 17,18-ны өдрүүдэд Хойд Ирландын Лох-Эрнд болох дээд хэмжээний уулзалтын хүрээнд хийх хэлэлцээний гол асуудал болох юм.

Хойд Ирландид Орос улс «Сири, Ойрхи Дорнод, Хойд Африк, Афганистаны байдлыг авч үзэж хэлэлцэх төлөвлөгөөтэй байна» гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Эдгээр хэлэлцүүлгийн үр дүн ашиг тустай болно гэдэгт найдаж байна гэж тэрээр хэллээ.

Владимир Путин оросын «РИА Новости» мэдээллийн агентлагад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдэгджээ. Асадын дэглэм химийн зэвсэг хэрэлэсэн нэрийдлээр сирийн сөрөг хүчинд зэвсэг шууд нийлүүлж эхлэх тухай АНУ-ын шийдвэрийг зарлан мэдээлхээс өмнө ярилцлага өгсөн билээ. Эргэлт гаргаж мэдэх дээрх шийдвэр асуудлын хэлэлцүүлгийг зайлшгүй чухал болгож байна.

Эргэлзэж байгаа түншүүддээ нөлөөлж, Асадын цэрэг үнэхээр хорт бодис хэрэглэсэнд итгүүлэхийг АНУ идэвхтэй оролдож байна.Хэн нэгэн нь итгэж,өөр хэсэг нь итгэхгүй байна. Москвад Оросын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков америкийн төлөөлөгчидтэй уулзаж, тэд сирийн арми химийн зэвсэг хэрэглэсэн мэт мэдээлэл олгосныг батлан илэрхийлэв.

Гэвч эдгээр мэдээлэл сирийн цэрэг хорт бодис үнэхээр хэрэглэсэнд итгүүлж чадсангүй гэж Ушаков хэллээ. «Эдгээр мэдээллийг баримт хэмээн нэрлэж үл болно» гэж Ушаков мэдэгджээ. АНУ нэгэн үе үй олноор хөнөөгч зэвсгийн тухай хуурамч мэдээллийг ашиглаж, Иракт цэргээ оруулсныг тэрээр мэдүүлэв.

Хорт бодис бүхий хуруун шилний эргэн тойрны будлианыг ч дурдав. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл 2003 онд америкийн цэрэг Иракт цөмрөн орохын өмнө хорт бодис гэгчийг АЗ-ийн хуралдаан дээр үзүүлсэн билээ.Юрий Ушаков хэлэхдээ

«Энэ удаагийн үйл явдлыг Колин Пауэлын хорт бодистой шилний эргэн тойрны тохиолдолтой зүйрүүлэх гээгүй. Гэсэн ч баримт гэгчид итгэлтэй биш байна. Миний бодоход ийм мэдээлэл бидэнд олгох явдал л америкийн талын хувьд чухал байсан байх. Гэвч тэдгээрийн мэдээлэл баримт гэгчид итгэлтэй биш байгааг шууд хэлье» гэв.

Энэ нь Владимир Путины 2012 оны 5-р сард ерөнхийлөгчийн алба хашиж эхэлснээс хойш орлцох «наймын» анхны уулзалт юм.

Энэ удаагийн дээд хэмжээний уулзалт Орос улсын хувьд онцгой болох хоёр шалтгааныг дурдая. Манай орон «хорийн бүлгийн» өнөөгийн дарга байгаад зогсохгүй 2014 онд «Их наймын» дарга болох юм.Владимр Путины хэлснээр энэ нь Москвад онцгой үүрэг ногдуулсан. Энэ онд эдгээр хоёр форумын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, 2014 онд дээд хэмжээнд ажлаа үргэжлүүлэх хэрэгтэй.

«Их найм» бат орших чадвартай гэж ОХУ-ын Ерөнхийлөгч үзэж байна. Орос улс үүнд их хувь нэмэр оруулж байна. «Бидний ачаар өрнөдийн хөгжингүй улсуудын төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн салбарт мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэж байгаа эрчимтэй хөгжиж байгаа орнуудын дуу хоолойг сонсож байна» гэж Владимир Путин тэмдэглэн хэллээ.

Орос улс даргалах үеэр авч үзэж хэлэлцэх асуудлуудыг одоогоор боловсруулж байна. Оросын ерөнхийлөгчийн хэлснээр «аюулгүй байдалд тулгарах шинэ аюул занал, сорилтын хариуд авах арга хэмжээний эрэл давамгайлана».

Олон улсын өнөөгийн байдал болон дайны гал дөл дүрэлцэж байгаа Сири, бараг таран бутрасан Ливи, сул дорой Афганистан, Ирак улсудын байдлыг харгалзвал ийм хэлэлцэх хэргийн төлөвлөгөө цаг үеэ олсон байна.