Оросын эх баригчид хамгийн хүнд түвэгтэй төрөлтийн мэс засал олонтаа хийж байна. Тэгснээрээ тэд олон мянган эх, нялхсын амь насыг аврасан юм. Оросын нэрд гарсан эмэгтэйчүүдийн эмч профессор Марк Курцер хосгүй арга зүйг зохиожээ. 6-р сарын 13-нд түүнд оросын эмнэлгийн «Өргөмж» (Призвание) гол шагнал хүртээжээ.

Москвагийн эрүүл мэндийн газрын тэргүүлэх эмэгтэйчүүдийн эмч Марк Курцер эх барих нарийн технологийг 10 гаруй жилийн турш боловсруулсан юм. Эдүгээ ийм мэс засал олонтаа хийж байна. Шинэ арга зүй жирэмсэн үе нь хүнд бэрхшээлтэй байсан эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлэхэд туслаж байна.

Нэгхэн цаг үргэлжлэх мэс засал урьдынхаас гэмтэл багатай байна. Эх цус алдахыг аль болохоор багасгасан байна. Эх түргэн тэнхрэж байна. Эх хүүхэд хоёр хэдхэн өдрийн дараа амаржих газраас гэртээ харина. Эмч нар бүр 500 грамм жинтэй хүүхдийг сувилан бойжуулж байна. Энэ нь аравхан жилийн өмнө ухаанд багтамгүй гэмээр үйл явдал байсан.

Районы эмч нар үр хөндөх зөвлөмж Юлияд өгчээ. Байдал маш хүнд байсан аж. Тэр жирэмсэн болсноос хойшхи нэг сард цус их алдав. Хүүхдийг хүчил төрөгч, шимт бодисоор хангах ихэс эхлээд сав руугаа дараа нь хэвлийд нэвтэрч ургасан байв. «Амь мэнд гарахгүй байх» гэж эмч нар дүгнэжээ.

Гэвч эрүүл хүүхэд төрүүлсэн Юлия мэс засал хийлгээд түргэн тэнхрэв. Марк Курцер өөрийн клиникийн эмч нартай хамт эх барив. Урьд Орос улсад нэг ч мэргэжилтэн ийм мэс засал хийгээгүй байсан. Одоо мэс засал хийх үеэр цус алдалтын хүндрэл гарахгүй байна. Урьд эх нь нас барах тохиодол ч гарч байсан. «Урьд эх 2,3 литр цус алдаж байсан бол одоо дөнгөж 500-600 миллилитр цус алдаж байна. Эхийн умай сав хадгалагдах учир цаашдаа хүүхэд төрүүлж мэднэ» гэж Марк Курцер хэллээ.

Эмч нар туршлагаа бусад ажил нэгтнүүдтэй хуваалцав. Санкт-Петербург, Эрхүү, Красноярск болон Ижил мөрний хэдэн хотын эмч нар Курцерын арга зүйг эзэмшив. «Мэргэшил дээшлүүлэх курсыг зохион байгуулсан. Миний бодоход бүс нутгийн амаржих томоохон төвд ийм мэс засал хийж болно» гэж профессор Курцер хэллээ.