Ирэх жил сибирийн Томск хотод “ирээдүйн дэлгүүр” бий болно. Худалдааны танхимд нэг ч кассчин байхгүй,төлбөрийг автоматаар хийдэг болно. Үүнтэй адил дэлгүүрүүд Казань, Москвад ч нээгдэх юм.

Томск хот Баруун Сибирийн зүүн хэсэг Томь голын эрэг дээр оршдог. Энэ бол Сибирийн боловсрол, шинжлэх ухаан, инновацийн томоохон хот. Тус хотод 18 – 20 -р зууны модон болон чулуун уран барилгын дурсгалууд их бий. Энд 500 мянга гаруй хүн аж төрдөг.

“Ирээдүйн дэлгүүр” нь оросын “Роснано” компанийн төсөл юм. Энэ компани Орос оронд нано технологийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хувийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. “Ирээдүйн дэлгүүр”-ийн зорилго жижиглэнгийн худалдаанд инновацийн шийдэл, материал, технологийг хэрэглэх явдлыг хялбаршуулах явдал юм. Жишээ нь, эдгээрийн тусламжтайгаар эрчим хүчний хэрэглээг бууруулах.

Уг төслийн гол онцлог нь кассчин, худалдагч хэрэггүй худалдааны цоо шинэ тогтолцоо үүсгэх явдал. “Ирээдүйн дэлгүүр” дэх бүх бараа таваарууд тусгай ялгавар бүхий радио тэмдэгтэй байна. Тэдгээрийн тусламжтайгаар барааны хөдөлгөөнийг хянана. Тухайлбал, үйлдвэрлэгчээс агуулах руу, агуулахаас худалдааны танхим руу буюу худалдан авагч руу хийх хөдөлгөөнийг.

Мөн барааг хэрэглэх хугацааг харж, лангуун дээрх барааны тоо, нэр төрлийн тухай мэдээлэл авч, хуурамч барааны нийлүүлэлтийг урьдчилэн сэргийлэх боломжтой. Эдгээр радио тэмдэгүүд нь бас кассчины үүрэг гүйцэтгэнэ. Тусгай төхөөрөмжөөр тэднийг уншиж электрон билл хэвлэж өгнө.

“Ирээдүйн дэлгүүр” дэх худалдан авалт иймэрхүү байдалтай явагдах юм байна. Худалдан авагч худалдааны танхимаас бараа авч сагсанд хийнэ. Дараа нь тэр автомат кассан дээр очно.

Тэнд бараагаа тусгай уншигчтай бүхээгт байрлуулахад дэлгэцэн дээр сонгосон бараа, мөнгөн дүн гарна. Сагсан дахь барааг нэгэн зэрэг унших тул үйлчилгээ их хурдан болно. Дараа нь барааны үнийг тусгай машинаар дамжуулан төлнө.

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар  дэлхийн өөр хаана ч ийм дэлгүүр байхгүй. Томскийн дараа “ирээдүйн дэлгүүрүүд” Москва, Казань бий болох юм байна.