Оросын засгийн газар мөнгө хадгалуулагчийн баталгааны түвшинг дээшлүүлэх гэж байна. 2003 оноос хойш хүчин төгөлдөр байгаа хуульд оруулах засварыг батласнаар банкуудын санхүүгийн тогтонги байдал бэхжиж, мөнгө хадгалуулагчдын эрсдэл багасана гэж шинжээчид үзэж байна. Засгийн газрын комисс санаачилгыг нааштай үнэлэв.

Банкад хадгалуулсан мөнгө даатгаж нөхөх хэмжээг 700 мянгаас 1 сая рубль хүртэл нэмэхийг санаачилжээ. Хадгалуулсан мөнгө даатгах улсын системд нэгдсэн арилжааны банк дампуурвал мөнгө хадгалуулагч 1 сая хүртэл рубль баталгаатай авах юм. Оросын банкуудын холбооны ерөнхийлөгч Гарегин Тосунян хэлэхдээ

«Хадгалуулсан мөнгөний баталгаатай нөхөж буцаах хэмжээг нэмэгдүүлэх санал учир үндэстэй байна. Тэгснээр мөнгө хадгалуулагчийн итгэл бэхжиж, санхүүгийн зах зээлд өрсөлдөөн өргөжих юм. Баталгааны түвшинг дээшлүүлэх тусам мөнгө хадгалуулах зах зээл улам өргөжинэ» гэж тэмдэглэв.

Гэвч хадгалуулсан мөнгөний баталгааны түвшинг дээшлүүлэх шаардлагүй гэж сөрөг тал үзэж байна.Олонхи хадгалуулсан мөнгө 500-600 мянган рублиас хэтрэхгүй байна. Урьдын даатгалын 700 мянган рублийн хэмжээ оросын банкуудад мөнгө хадгалуулагсдын 98,5 хувийн мөнгө нөхөж буцаах боломж олгосон юм.

Хадгалуулсан мөнгөний 1 сая рубль хүртэл хэсгийг баталгаатай буцаах нь бусдад тийм их чухал биш байна. Ийм мөнгө хөрөнгөтэй хүмүүс мөнгөө банкад хадгалуулахыг санхүүгийн орлого багатай хэрэгсэл хэмээн үзэж, үл хөдлөх хөрөнгө ба санхүүгийн орлого ихтэй хэрэгсэлд хөрөнгөө чиглүүлж байна.

Улсын баталгааны түвшинг нэмэгдүүлэх нь банкны шудрага бус ажилтнууд ашиг хонжоо харах уршигтай болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Санхүүгийн шинжээч Гарегин Тосунян хэлэхдээ

«Адал балмад ажиллагаа явуулж байгаа хэдэн банк улсын баталгааны өндөр түвшингээр завшиж, мөнгө хадгалуулагчдын сонирхол татахын тулд хадгалуулах мөнгөний хүүг хэт нэмэгдүүлнэ гэсэн сөрөг талын үзэл санааг харгалзахгүй байж болохгүй. Гэвч ийм тохиолдолд хууль тогтоогчид зохих арга хэмжээ авч мэднэ. Банкнаас сааачилсан хадгалуулсан мөнгөний хүү зах зээлийн дундаж хэмжээнээс хэтрэвэл даатгалын системд шимэтгэх мөнгөний хүүг нэмэгдүүлнэ» гэлээ.

Ийнхүү ялгавартай хандлага мөнгө хадгалуулагчийн сонирхолыг татахын тулд хэт өндөр хүү тогтоохоос сэрэмжлэх боломж олгох юм.

Нөгөө талаас хадгалуулсан мөнгөний баталгааг дээшлүүлэх явдал банкны системд итгэх хүн амын итгэлийг бататгахад тус дөхөм үзүүлнэ. Тэр тусмаа банкад 1 сая болон түүнээс илүү их хэмжээний мөнгө хадгалуулсан оросын оршин суугчдын тоо түргэн өсөн нэмэгдэж байна. Эдүгээ оросын банкуудад хадгалуулсан мөнгөний нийт хэмжээ өнгөрсөн оныхоос 5 дахин илүү их байна.