Орос оронд хамгийн анхны бурхны шашны цэргийн лам хурал номынхоо дууг эхлүүллээ. Баир лам Бурядын Бүгд Найрамдах улсын Хиагт хотод байрладаг моторт буудлагын цэргийн ангид ажиллаж эхлэв.

2009 онд Орост цэргийн санваартны хууль батлагдсан. Тус хуулийн дагуу цэргийн анги нэгтгэлүүдэд уламжлалт шашны лам хуврагуудыг ажилд урьдаг болсон. Ингэхдээ ямар нэг шашинд харьяалагддаг цэргийн ажилтнуудын тоо нийт ажилтнуудын 10 болон түүнээс дээш хувийг эзэлж байгаа тохиолдолд ингэх юм.

Зөвлөлт засгаас хойш уламжлалт шашнууд сэргэж байгаа өнөөгийн Орос оронд шаардлагатай бүх анги нэгтгэлүүдэд лам хуврагууд ажиллаж чадахгүй байна. Хэргийн учир тэд их цөөхөн юм. Одоо ажиллаж байгаа нийт 42 цэргийн санваартны 40 нь үнэн алдартны шашных, 2 нь ислам шашных. Үүн дээр анхны бурхны шашны лам нэмэгдлээ.

42 настай бэлтгэл түрүүч Баир Батомункуев Мурочи тосгоны Мурочины дацангийн лам. Армид шуурхай алба хаасныхаа дараа тэр Бурядын Иволгийн дацангийн бурхны шашны дээд сургуулийг дүүргэсэн.

Дараа нь Занабазрын нэрэмжит Улаанбаатарын бурхны шашны их сургуулийг төгссөн. Тэр, угаасан ус, унасан газар болох Мурочи тосгондоо эргэж ирээд өөрийн амьдралыг мөн л армитэй холбож. Гэхдээ энэ удаад санваартны ёсоор. Баир лам хэлэхдээ

«2009 онд цэргийн санваартны хууль батлагдахаас өмнө цэргийн удирдлагууд бид энд хамтран ажиллах санал тавьдаг байсан. Армид лам хувраг нар байх хэрэгцээ аль эртнээс л байсан. Шуурхай цэргүүдийн хувьд ч, гэрээт цэргүүдийн хувьд ч. Армид дүрмийн бус харилцааны тохиолдлууд олон гардаг.

Заримдаа учрыг нь олох шаардлагатай амьжиргааны асуудлууд ч тохиолддог. Залуус согтууруулах ундаа хэрэглэж хэв журам зөрчих нь ч бий. Үүний хамгийн гол шалтгаан ёс суртахууны чиг хандлага, сүнслэг үнэт зүйл байхгүйд байгаа юм» гэлээ.

Шашин номын тус цэргүүдэд хэчнээн хэрэгтэйг Баир лам өөрийн туршлагаар мэднэ. Армид алба хаах амаргүй ажил. Түүний хэлснээр, тэр өөрөө армид байхдаа шашны зам мөрт орсон юм.

«Би Якутын хойд хэсэгт байрлах нэгэн тосгонд радио тагнуулын ангид алба хаасан юм. Тэнд би онц хүнд байдалд орсон. Цасан шуурганд өртөж азаар амь гарсан. Би ердийн, онц их сүсэг бишрэлгүй гэр бүлд өссөн хүн хирнээ аюултай нүүр тулаад хүүхэд байхдаа сонссон бүх тарниа эргэн санасан» гэж Баир лам хэллээ.

Баир лам энэ анги нэгтгэлийн цорын ганц санваартан биш юм. Моторт буудлагын бригадын зонхилох хэсэг болох үнэн алдартны шашныханд Хиагт дахь Дарь Эхийн Хальсанд зориулан босгосон сүмийн ширээт лам хувраг Олег Матвеев бас ном айлддаг.

Хоёр өөр шашны төлөөлөгчид харилцан бие биеэ дэмжиж, бүрэн ойлголцдог. Тэгээд ч эрх үүргийн хувиар аль аль нь цэргийн албан хаагчдад үндэс угсаа, шашин шүтлэгээс нь үл ялгаварлан туслах ёстой. Цэрэг, офицеруудын тэдэнд ханддаг асуудлууд зөвхөн сүсэг бишрэлтэй холбоотой байдаггүй. Тэдэнд сэтгэл зүйн зөвлөгөө их хэрэгтэй байдаг.

Бурхны шашны хувраг цэргийн ангид хурал хурж, лекц унших болно. Мөн цэргүүд, иргэний албан хаагчидтай ганцаарчилсан яриа хийнэ.

«Лекцээ би хүмүүс зүгээр суухгүй байхаар зохион байгуулдаг. Тиймээс лекцүүдээ харилцан яриа хэлбэрээр явуулдаг. Залуус надаас эрдэнийн мөнх бие нь Иволгийн дацанд хадгалагдаж буй Хамба лам Итгэлийн тухай их асуудаг. Хамба лам олны анхаарлыг их татдаг. Манай удирдлага ангидаа нэг гэр барьж, түүнийгээ аяны сүм болгох бодолтой байгаа» гэж Баир лам хэллээ.

Цэргийн санваартан бурхны шашинтан хүн Орос оронд шинэ үзэгдэл биш юм. 18 зуунд буриад цэргээс тогтсон Сибирийн 4 казак хороонд дайчдыг дайн тулаанд дагалдан явдаг байсан лам нар байсан.

Одоогоос яг 100 жилийн өмнө, 1913 онд “эрдэнийн мөнх биет”-тэй Хамба лам Дашдорж Итгэл бурхны шашинтнууд алба хаадаг анги нэгтгэлүүдэд тусгай ламын албан тушаал бий болгож өгөөч гэж төрийн удирдлагуудаас хүссэн. Гэвч үүнд Дэлхийн 1-р дайн, дараа нь бүх шашныг хориглосон хувьсгал саад болсон.

Харин одоо зуун жилийн дараа шашин дахин дэлгэрэхтэй цуг шашны бүх байгууллагууд ч сэргэж байна. Тэдгээр нь амьдралын өөр хүрээнд, тэр дундаа, цэргийн албанд сүсэгтэн олонд дэмжлэгэ үзүүлж байна.