Оросын нийслэлийн төвд, “Коносьер” уран зургийн галерейд залуу монгол зураач Отгоогийн Бадамын зургийн үзэсгэлэн нээгдлээ. 24 настай монгол залууг бүгд л “орос зураач” гэдэг. Урлаг судлаачид, бийр нэгтнүүд нэгэн дуугаар түүний зурах арга барилыг оросын сонгодгуудтай харьцуулдаг. Гэхдээ, мэдээж, монгол өнгө аястай юм гэдэг. Түүний зургуудаас Москва орчмын шугуй, монголын тал нутаг, шаргал үст оросын балетчингүүд, үндэсний хувцастай монгол малчдыг харж болно. Бадамын зургуудаас орос хүний романтик гуниг ч, монгол хүний их эрч хүч ч мэдрэгддэг. Магадгүй, тэр өөрөө эрч хүчтэй, романтик хүн болоод тэр байх гэж “Коносьер” уран зургийн галерейн захирал Кирилл Бельянинов хэллээ.

Энэ хүн надад сүүлийн үед миний учирсан хамгийн авьяслаг зураачдын нэг шиг санагддаг. Бадамтай намайг манай нэг зураач танилцуулсан юм. Тэр: “Надад нэг найз бий, монгол залуу. Тэр, нэг тийм, холимог зураач хүн. Николай Фешин, Константин Малявин, Валентин Серов, тэгээд дээрээс нь өөрийх нь ямар нэг юм нэмэгдэсэн хүн” гэсэн. Би түүний ажлуудыг үзсэн. Тэгээд үнийг нь огт харгалзахгүй хэдэн зураг худалдаж авсан. Оросын сонгодгуудын түвшинд хүрсэн ийм орос зураачтай учрахсан гэж би аль дээрээс боддог байсан. Гэтэл тэр нь монгол хүн байж таарсан. Бадам оросын уран зургийн сургуулийн жинхэнэ төлөөлөгч! Хүмүүс ийм сайн уран зураг үзэхээ болиод удаж байна. Бүгд л ямар нэг цэвэр, чин сэтгэлийн юм хүсч байна. Дээрээс нь энэ зураач их өөрийнхөөрөө хүн, тэр их өвөрмөц уран бүтээлч.

Отгоогийн Бадамын ийм “оросжуу” байдлыг тайлбарлаж болох юм. Тэр Санк-Петербург хотын Репины нэрэмжит улсын, академик уран зураг, уран баримал, архитектурын дээд сургуулийг дүүргэсэн.

Түүний ээж загвар зохион бүтээгч, өвөө нь зураач хүн байсан. Тиймээс Бадам авьяасаа өвлөн авсан гэж болно. Тэр хүүхэд байхаас зурдаг байж. Гэхдээ эхэндээ усан будгаар зурдаг байж, тосон будаг хэрэглэгдэггүй. Бадам Монголд мэргэжлийн сургалт үйлдэвэрлэлийн сургууль төгссөн, ширчний мэргэжилтэй. Мөн тэр урлагийн дээд сургууль төгсөж хавсарга чимэглэлийн урлаг эзэмшсэн. Түүний хийсэн дайчны хувцасыг монгол морьтонгуудын зурагтай цуг үзэсгэлэнгээс харж болно.

Нэг удаа Бадамын нэг монгол багш түүнд Орос руу яваад үз гэж хэлжээ. Түүнд Воронежийн уран зургийн дээд сургуулийг санал болгосон байна. Бадам зөвхөн усан будгаар зурдаг хирнээ 200 хүнээс нэгийг л авдаг их хэцүү уралдаанд тэнцэж. Гурван жил сурсных нь дараа багш нар нь түүнд: “Чамд одоо энд хийгээд байх юм байхгүй, Петербург яв” гэжээ. Өөрийн зурсан хэдэн зургаа аваад, хэнтэй ч урьдчилж ярилгүй тэр Орос улсын хойд нислэлийг зорьсон юм. Тэнд түүнийг 3-р курсэд авчээ. Тэгсэн ч болсон юм. Бадам сургуулиа “улаан” дипломтой төгссөн бөгөөд одоо ч гэсэн Санкт-Петербургийн урланд уран бүтээлээ туурвисаар байна. Багш нар нь түүний авьяасыг бахдаад зогсохгүй ажилсаг занд нь дуртай. Монгол баатар эр өдөрт 12-14 цаг зураг зурдаг!

Бадам өмнөө асар их зорилго тавьдаг хүн. Жилийн дараа, хоёр жилийн дараа юу хийхээ тэр мэддэг. Мөн санасан зорьсноо биелүүлэхийг хичээж яваа нэгэн. Бадамын зургууд өндөр түвшинд үнэлэгддэг юм. Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж түүний хэд хэдэн зургийг худалдаж авсан. Уран бүтээлийнхээ талаар Бадам өөрөө юу гэж ярихыг та бүхэн сонсоно уу: «Би зурагнаас эрч хүч, хүч чадал мэдрэх дуртай. Зургийн энгийн нэг түрхэц хүртэл эрч хүчээр дүүрэн байж болдог. Зургийг нь хараад тухайн хүн ямар зан араншинтайг хэлж болдог байхад би дуртай. Хүний нүүр, гарын хөдөлгөөний хэрхэн зурсныг хараад. Цаашид би 50 хүүхдийн зураг, Чингис хаанаас авхуулад 20-р зуун хүртэлх түүхэн сэдэвт зургууд, монгол баяр наадмуудын зураг зурахаар төлөвлөж байна. Үндэсний дээл хувцастай эмэгтэйчүүдийн цуврал зургаа бас үргэлжлүүлэх санаатай. Цувралд хөрөг зургууд ч багтана, дараалсан зургууд ч багтана. Хамгийн гол нь, өөрийн зурах хэв маягаа алдчихгүй юмсан, мөнгөний араас явчихгүй юмсан гэж боддог. Өөрөөрөө үлдэж, сургуульдаа үнэнч байхсан гэдэг. Олон монгол зураач Орос оронд сурч байсан. Би ч гэсэн энэ залгамж халааг үргэлжлүүлж байгаадаа баяртай байна».

Одоогоор Бадам Орос оронд үлдэх төлөвлөгөөтэй байна. Ингэх хувийн шалтгаан ч түүнд бий. Тун саяхан тэр орос бүсгүйтэй гэрлэж хүүтэй болсон. Хүүдээ тэд Василий гэдэг орос нэр өгсөн. Магадгүй тийм болоод л түүний зураган дахь хүүхдүүд улам бүр энхрий, өхөөрдөм болоод байгаа биз. Орос гүнжхэн охид ч тэр, тал нутгийн ирээдүйн эзэд монгол банди нар ч тэр. Эцэст нь хэлэхэд, зураач Бадам өөрийн нэг бүтээлийг өвчтэй хүүхдүүдэд тусалдаг Орос улсын буяны “Амьдрал хайрла” нэрт санд бэлэглсэн юм.