6-р сарын 16-нд Орос улсын иргэн, дэлхийн анхны сансрын нисгэгч эмэгтэй Валентина Терешкова сансарт ниссэний 50 жилийн ой болно. Үүнээс хойш яг 49 жилийн дараа, 2012 оны 6 сарын 16-нд хятадын Агаарын цэргийн хүчний хошууч Лю Ян сансарт нисч хятадын сансар судлалын салбарт “эмэгтэйчүүдийн” эрин үеийг нээсэн юм.

Өнөөдрийг хүртэл сансарт өөр өөр улсын нийт 50 гаруй эмэгтэй нисээд байна. Тэдний ихэнх нь америкчууд. Гэхдээ сансар судлал дахь эхний алхам, аварга амжилт, нээлтүүдийг ЗХУ, Оросын холбооны улсын эмэгтэй сансрын нисгэгчид хийсэн юм.

50 жилийн хугацаанд ЗХУ, ОХУ-аас гурван эмэгтэй сансарт ниссэн. 1963 онд Валентина Терешкова, 19 жилийн дараа Светлана Савицкая, дахиад 12 жилийн дараа Елена Кондакова.

Сансрын нисгэгч эмэгтэй бүрийн нислэг нээлт, урагш хийх нэг алхам, баатарлаг гавьяа байсан гэж К. Э. Циолковскийн нэрэмжит Оросын сансар судлалын академийн академич Игорь Маринин “Оросын Дуу Хоолой”-д өгсөн ярилцлагадаа хэллээ.

«Валентина Терешковагийн анхны нислэг нь туршилт байсан юм. Жингүйдлийн үед эмэгтэй хүний бие махбод ямар байх, эмэгтэй хүн эр хүнээс дутахгүй сансрын хөлгийг удирдаж, ямар нэг үүрэг зорилтын биелүүлж чадах эсэхийг мэдэх туршилт байсан юм. Сансрын нислэг бол эр хүний хүнд хүчир ажил гэдгийг туршилт харуулсан байна. Сансар огторгуйн нөхцөл эмэгтэйчүүдэд асар хүнд нөлөөлдөг.

Дараагийн шат - Глушко эмэгтэйчүүдийг сансар огторгуйд яг эр хүн шиг байлгахыг хүссэн. 1980 онд тэр инженер, нисгэгч, эмч нараас бүрдсэн эмэгтэйчүүдийн том баг байгуулсан. Гэвч Гагарин сансарт нисээд 20 жил болсон ч, сансар огторгуй эр хүний хүнд хүчир ажил хэвээр байгааг бэлтгэлийн явц харуулсан юм.

Тиймээс хатуу ширүүн сансрын нислэгт эмэгтэй хүн бүр тохирохгүй нь ойлгомжтой болсон. Багт байсан хүмүүсээс ганцхан Светлана Савицкая л тэнцсэн юм. Тэр шаттл хөлгөөр өмнө нь сансарт нисч байсан Салли Райтаас урьтаж сансарт ниссэн.

Энэ нислэг аварга амжилт бүхий нислэг байсан юм. Эмэгтэйчүүд баатарлаг гавьяа байгуулцгааж байв. Дараагийн эмэгтэй сансрын нисгэгч Елена Кондакова хамгийн анхны удаан хугацааны нислэгийг хийсэн юм» гэлээ.

1960, 1980-аад онд эмэгтэйчүүдийн сансрын нислэгийн салбарыг олон нийтийн болгох төлөвлөгөөтэй байж. Сансрын нисгэгчдийг бэлтгэдэг Москва орчмын төв “Звёздный”-д дан эмэгтэйчүүдийн хэд хэдэн баг амьдарч, хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийдэг байсан.

Эмэгтэйчүүдийг сонгон авах шалгааруулалт их хатуу байж. Тэдний нас – 30 хүртэл, өндөр – 170 см хүртэл, жин – 70 кг хүртэл ба дээрээс нь шүхрийн спортын дадлага дүйтэй байх ёстой байсан. Сансрын нисгэгчдийн хоёр дахь салааны гишүүн Елена Доброквашинагийн хэлснээр, салааны гишүүн болсны дараа хэдэн сар үргэлжлэх хүнд хүчир бэлтгэл сургуулилт эхэлдэг байж.

«Би ер нь спортын хүн биш л дээ, хэзээ ч спортоор хичээллэж байгаагүй, чухал ач холбогдол өгч байгаагүй. Тиймээс салаанд элсээд надаас асар их хүчин чармайлт шаардсан их хэмжээний бие махбодын ачаалалтай учирсан. Би эмч мэргэжилтэй хүн. Гэтэл техникийн зүйлс сурах хэрэгтэй болсон. Энэ ч гэсэн надаас их хүчин чармайлт шаардсан» гэж Елена Доброквашина хэллээ.

Хэсэг хугацааны дараа шалгуурууд арай зөөлөрсөн байна. Ялангуяа бие махбодын бэлтгэл сургуулилт дээр. Хамгийн гол нь горилогч эрүүл, тойрог зам дээр хэрэг болохуйц эмч юм уу, инженерийн мэргэжилтэй байх явдал байсан. Гэсэн ч нисэх сэдэл тэр хэвээр үлдсэн юм: анхлан нээх хүсэл тэмүүлэл ба сайхан бодрол.

Елена Серова оросын дараагийн эмэгтэй сансрын нисгэгч болж магадгүй байна. Олон улсын сансрын станц руу хийх түүний нислэг 2014 оны намар гэж төлөвлөгдсөн байгаа. Тэр энэ нислэгт 7 жил бэлдэж байна.

Еленагийн нөхөр бас сансрын нисгэгч хүн. Хэзээ нэгэн цагт Елена нөхөртэйгээ цуг тойрог замд гарна гэж найддаг. Энэ нь харь гариг судлах ажил дахь эхний алхам болно. Цаашид удаан хугацааны нислэгт хүмүүс гэр бүлээрээ явах төлөвтэй байна.