Си Зиньпин, Барак Обама нар улс орнуудаа кибер орон зайд эвлэрүүлэх боломжийг ашиглах уу? Энэ нь 6-р сарын 7,8 өдрүүдэд Калифорни муж улсад БНХАУ-ын дарга, АНУ-ын Ерөнхийлөгчийн хийх уулзалтын сонирхол татам асуудлын нэг билээ. Энэ уулзалт дээр Барак Обама кибер аюулгүй байдлын асуудлыг хөндөх юм гэж Цагаан ордны нэрээ дурдаагүй төлөөлөгч мэдэгдлээ.

Гадаадын оюуны өмчийг авахын тулд компьютерийн технологийг ашиглах гэсэн оролдлогууд нь Хятад улсын нэр хүндийг олон улсын тавцанд гутааж мэднэ гэж мөн түшмэл онцлов. Түүний хэлснээр засийн газрууд улс орны нь нутаг дэвсгэрээс үйлдсэн кибер дайралтыг хариуцах ёстой.

Хятадын хакерууд америкийн F-35, F-18 сөнөөгч онгоцуудын талаар нууц мэдээлэл баримтуудыг авсан гэж америкийн «Вашингтон пост» сонинд Пентагоны илтгэлээс иш татан бичжээ. Түүнээс гадна хакерууд «Пэтриот» пуужин, ПДХ «Ижис» систем, дунд тусгалтай пуужин амдан сөнөөх цогцолбортой холбоотой мэдээлэл баримтуудыг хулгайлжээ.

Гэвч Хятад улс эдгээр зэмлэлийг няцаагаад АНУ-ыг гол кибер луйварчин гэжээ. Өнгөрсөн онд хакерууд хятадын 30 мянга гаруй сайтыг задлан эвдэхийг чухам АНУ-ын нутаг дэвсгэрээс оролдсон аж.

Эдгээр хоёр тал бие биеэнээ зэмлэх учир үндэс байгаа бололтой. БНХАУ ч АНУ ч кибер орон зайд тагнан турших ажиллагаа харилцан явуулж байна гэж Пир төвийн шинжээч Олег Демидов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Чухам ямар тал хакерын дайралтын талаар илүү их гэм буруутайг тогтооход хэцүү. Учир нь эх сурвалжий нь лавтай илрүүлэх аргагүй. Гэвч хятадын хакерууд америкийн төрийн байгууллага, хувийн компани, арилжааны байгууллагуудыг бие дааж эсвэл цэргийнхний даалгавраар үргэлж хүчтэй дайрч байна гэж Пентагон ба америкийн засгийн газар үзэж байна.Дайралт жил ирэх дутам өргөжиж байна. Хятад улсаас АНУ-ын эсрэг нууц кибер дайн хийж байна гэсэн санал тархсан» гэв.

Гэвч үүний хариуд АНУ-д тулгах зүйл Хятад улсад байгаа гэж Олег Демидов цааш нь хэлээд

«Америкийн тал кибер орон зайд дайран давшлах боломжоо идэвхтэй өргөжүүлж байна. Түүнчлэн кибер командлалын сүр хүчийг зузаатгаж, кибер орон зайгаас учирч мэдэх цэргийн аюулыг урьдчилах харахыг оролдож, сэрэмжлэх арга хэмжээг бэлтгэж байна. Үүнд хувийн секторыг оролцуулж байна. Тухайлбал 2012 онд америкийн хакеруудад хандан төрийн байгууллагуудтай тухайлбал кибер командалтай хамтран ажиллахыг уриалсан» гэв.

Дэлхийд АНУ-ын гол өрсөлдөгч болсон Хятад улсад америкийн кибер командлалаас гойд анзаарал тавьж байна. Вирустэй тэмцэх оросын «Касперскийн лаборатори» компани үүнийг батлав. Хятад бол хакеруудын дайралтад нэлээд нэрвэгдсэн улсын нэг гэж тэд үзэж байна.

Олонхи улс, бүс нутаг, олон улсын байгууллагууд кибер орон зайд аюулгүй байдлыг хангахад нэмэлт нөөцөө дайчилж байгаа нь тохиолдлын хэрэг биш.Тухайлбал Япон улс «кибер аюулгүй байдлын цэргээ» байгуулж байна. 7-р сарын 1-нээс Тайванд кибер орон зайд аюултай тэмцэх тусгай анги салбар ажиллаж эхлэнэ. Компьютерийн сүлжээг нь задлан эвдэхээс сэрэмжлэх шинэ хөтөлбөрийг боловсруулж байна гэж өчигдөр НАТО-гийн командлал мэдэгдлээ.

Хятад улс ч хоцрохгүй байна. Энэ долоо хоногт Өвөр Монголд хятадын цэргийнхэн цоо шинэ тоот технологийг ашиглан анхны сургууль явуулж байна. Байлдааны зорилтыг биелүүлэхдээ кибер орон зайг ашиглаж байгаа хятадын армийн бүх анги салбарын харилцан ажиллагааг сургуулилж байна. Си Зиньпин, Барак Обама нар кибер аюулгүй байдлын өргөн цар хүрээтэй сэдвийг авч үзэж хэлэлцэнэ. Эдгээр хоёр улсын удирдагчдын уулзалт зэмлэл харилцан тулгах төдийгүй кибер орон зайд найрамдахгүй ч ядаж эвлэрэх боломж олгох юм.