Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа этгээдүүдийг энх тайван яриа хэлэлцээ хийхэд зоригжуулах сирийн асуудлаархи олон улсын бага хурлын бэлтгэл сунжрав. ОХУ, АНУ, НҮБ-ын төлөөлөгчдийн энэ сарын 5-нд Женевэд хийсэн уулзалтыг ийнхүү дүгнэж болно. Талууд байр сууриа бүрэн ойртуулахын тулд энэ сард бас нэг уулзалт хийхээр тохиролцсон гэж Оросын ГХ-ийн дэд сайд Геннадий Гатилов мэдэгдэв.

Ирээдүйн бага хуралд оролцогчдын бүрэлдэхүүн Женевийн уулзалтын бэлтгэлд тулгарсан гол асуудал боллоо. Энэ асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна. Аядуу болон радикал үзэл санаатай янз бүрийн бүлэг сирийн сөрөг хүчний эгнээнд нэгдсэн. Сөрөг хүчнийг ирээдүйн бага хурал дээр чухам хэн төлөөлөх асуудлыг одоогоор шийдвэрлээгүй байна.

Энэ сарын 5-нд энэ асууудлыг тодруулж чадсангүй. Ираны төлөөлөгчдийг бага хуралд оролцуулах асуудал бас нэг саад тотгор болсон. Москва тус улсыг оролцуулахын төлөө байхад Вашингтон эсэргүүцэж байна. Геннадий Гатиловын хэлснээр женевийн уулзалтад оролцогчид оновчтой хандлага баримталж байна. Гэсэн ч бага хурлыг наанадаж нэг сараар хойшлуулжээ.

Олон талт хэлэлцээ зайлшгуй чухал хийгээд хямралаас гаргах зам болж мэднэ гэж Шашин, улс төрийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Александр Игнатенко үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Женева-2 хэмээн нэрлэсэн орос-америкийн санаачилгын агуулга зэвсэгт тэмцлийг зогсоож, улс төрийн голдрилд шилжүүлэхэд оршино. Яриа хэлэлцээг эхлүүлж, бодит бүх этгээдийг түүнд оролцуулах зорилт тулгарсан. Сирийн засгийн газар, сөрөг хүчин төдийгүй Катар, Саудын Арави, Турк, Иран, АНУ болон европын орнуудын төлөөлөгчид түүнд оролцох ёстой. Хамгийн гол нь бага хурлаас Сири улсыг гадаадын зэвсэгт бүлгүүд, юуны түрүүнд «Аль-Каидагийн» гишүүдээс чөлөөлөх шийдвэр гаргах ёстой» гэв.

Цуст ажиллагаанд хамаатай радикал сөрөг хүчин хэлэлцээнд оролцох ёсгүй гэж Москва үзэж байна. Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 4-нд Екатеринбург хотод ОХУ-ЕХ дээд хэмжээний уулзалт дээр энэ тухай мэдэгдэв.

Байдлыг энх амгалан болгохыг сонирхож байна гэж гадаадын этгээдүүд мэдэгдэж байгаа боловч үг яриа нь ажил үйлсэд нь тэр болгон нийцэхгүй байна гэж Ливи,Сирийн ард түмнүүдтэй эв санааны нэгдэлтэй байх хорооны хоёр даргын нэг Олег Фомин хэлээд

«Цуст ажиллагаа үргэлжилж, сирийн ард түмэн гай зовлонд нэрвэгдсээр байна. Зэвсэгт сөрөг хүчнийг тухирч байгаа өрнөдийн орнууд ба Саудын хаант улсууд геополитикийн ба эдийн засгийнхаа ашиг сонирхолоо л бодож байна. Тэдгээр сирийн ард түмний ашиг сонирхолыг огт бодохгүй байна» гэв.

Улс төрийн тэмцэл Сири улсыг тойрон хурцдаж байхад улс дотор явагдаж байгаа байлдааны ажиллагаа намжихгүй байна. Стратегийн ач холбогдолтой Кусейр хотыг амжилттай чөлөөлсэн явдал самуун дэгдээгчдийн эсэргүүцлийг удахгүй эцэслүүлэх дохио болсон гэж сирийн арми мэдэгдэв. Цэргийнэхний амжилт радикал сөрөг хүчний толгойлгчдод нөлөөж, тэд хэлэлцээ хийхийг хүсч болзошгүй. Башар Асадыг нэн даруй огцоруулах улигт болзол тавилгүй хэлэлцээ хийж болох байх.