Турк улсад олон нийтийн эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн намжихгүй байна. Эрх баригчид Стамбулын Таксим хороололд Гези цэцэрлэгт хүрээлэнг устгахаар шийдвэрлэсэн нь ёс төдий шалтгаан болжээ. Гэвч удалгүй жагсагчид засгийн газрыг огцоруулах шаардлагыг оролцуулан улс төрийн уриа лоозон дэвшүүлэв. Турк улсад нийгэм-улс төрийн түгшүүртэй байдал гаарч, бие биендээ тулгах зэмлэл харилцан айлган сүрдүүлэх хэрэг болж хувирч байна. Тэмцэл хөдөлгөөн гудамж талбайнуудаас их сургуулиудын дэвсгэр нутагт шилжив.

Туркийн залуучууд эдгээр тэмцэл хөдөлгөөний талаар ямар саналтай байна вэ? Стамбулын тэмцэл хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа Туркийн залуучуудын эвлэлийн ерөнхий дарга Чагдаш Женгиз «Оросын дуу хоолой» радиод саналаа илэрхийлэн хэлэхдээ

«Туркийн иргэд сэрэн босч байна. Гези цэцэрлэгт хүрээлэн тэсвэр тэвчээрийг алдагдуулсан «сүүлчийн дусал» болов. Ерөнхий сайд Эрдоган тэргүүтэй эрх баригчид туркийн иргэдийн эсрэг хүч хэрэглэж байна. Цагдаа нар бидний эсрэг хуягт машин, бороохой, ус шурших төхөөрөмж хэрэглэж байна.

Ард түмний эсрэг эрх баригчдын тэмцлийн уршгаар олон зуун хүн шархдаж бэртэв. Нэрд гарсан улс төрч, урлагийн зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний төлөөлөгчид болон залуучууд тэдний дотор байна. Биднийг зогсоож чадахгүй. Бид эрх баригч намын фашист бодлогын эсрэг зүй ёсоор тэмцэж байна.

Бидний хүчин чармайлтын үр дүнд шүүх Гези цэцэрлэгт хүрээлэнгийн мод огтлох тухай тогтоолын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргав. Гэвч бидний шаардлага зөвхөн үүгээр хягаарлагдахгүй байна. Бид ерөнхий сайд ба засгийн газрыг огцоруулахыг шаардаж байна. Засгийн газар жинхэнэ нэр нүүрээ харуулсан.

Шүүх дээрх шийдвэр гаргаж, олон хүн эсэргүүцэж байсан ч сансандаа хүрч,Гези цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэнэ гэж Эрдоган мэдэгдэв. Гэвч тэрээр ингэж чадахгүй. Түүний нам биднийг мансууруулсан. Одоо ард түмэн сэрэн босч байна» гэж Туркийн залуучудын эвлэлийн ернхий дарга Чагдаш Женгиз хэллээ.

Залуучуудын байгуулагыг бодоход эрх баригч нам хэрэг явдлын талаар өөр саналтай байгаа нь мэдээжийн хэрэг. Шудрага ёс, хөгжлийн намын залуучуудын байгууллагын Стамбулын салбарын улс төр, хууль зүйн хэлтсийн удирдагч Ясин Унал «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ

«Гези цэцэрлэгт хүрээлэнд ажил хийж эхлэсний дараа Стамбулын ерийн оршин суугчид Таксим талбайд гарсан. Хожим тодорхой бүлгүүд хэнээрхэл дэвэргэж, өдеөөн хатгах ажиллагаа явуулсны уршгаар жагсаал Таксимаас Стамбулын өөр хороололд шилжив. Аймшигт хэрэг явдал болж байна гэж ХМХ ба нийт олонтой харилцах сүлжээ дүрслэн өгүүлж байна.

Гэвч үнэн байдал өөр байна. Мэдээллийг гуйвуулсаар байна. Дэлхийн ХМХ-үүд эрх баригчдаас хүч хэт хэрэглэх ажиллагаа болон гал түймэр, мөргөлдөөнийг харуулж байна. Ардын бослого болж байгаа мэтээр харуулсан. Үнэн хэрэг дээр радикал бүлгүүдийн өдөөн хатгах ажиллагааны хариуд л хүч хэрэглэж байна. Бид энх тайван жагсаал хийх хүмүүсийн эрхийг бүрэн дэмжиж байна.

Гэвч эсэргүүцэгчдийн нэг хэсэг нь лалын алчууртай бусгүйчүүд болон лалын сүмд халдаж байна. Ийм хүч хэрэглэх ажиллагааг ардчилсан улсад хүлцэх ёсгүй. Бид бол шудрага ёс, хөгжлийн намын Стамбулын салбарын залуучуудын жигүүрийг төлөөлөх хүчирхэг байгууллага юм. Байгууллага 2 сая орчим гишүүнтэй.

Одоохондоо эдгээр хэрэг явдалд тайван хандаж, өдөөн хатгалгын хариуд арга хэмжээ авахгүй байна. Гэвч зохих цохилт өгөх боломжтой юм. Эрх баригчдыг огцоруулахыг оролдогчид сансандаа хүрэхгүй. Тэдний өдөөн хатгах ажиллагаа бидний эв нэгдлийг бэхжүүлж байна» гэв.