Москва  7-р сард Казань хотод явагдах оюутны спортын дэлхийн зуны “Универсиада-2013” наадмын бамбарыг хүлээн авлаа. Воробьевын уулан дахь Москвагийн их сургуулийн гол байрнаас эхэлсэн 40 бамбартай гүйлт  орос улсын нийслэл хотын гудамж талбайгаар аялаж, Олимпийн “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд өндөрлөв.

“Гаудеамус” оюутны сүлд дуун дор оюутны спортын “Универсиада-2013” наадмын бамбарыг Воробьевын уулан дахь Москвагийн их сургуулийн байрны урд талбай дээр тусгай капсултай авчирав. Бамбарыг асаах эхний эрхийг МИС-ийн ректор Виктор Садовничийд өгсөн юм.

«Тус улсын анхны их сургууль болох Москвагийн их сургуульд Москва хотод оюутны спортын Универсиад наадмын бамбар асаах ажлыг эхлүүлэх хүндтэй үүрэг ноогдсон. Боловсрол, оюутан залуусын бэлэгдэл болсон байрны дэргэдээс энэхүү ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр бамбарын буухиа аялал Москвагийн их сургуулийн оюутнуудын дунд явагдаж байна. Би Орос улсын бүх оюутнууд болон энэ буухиа гүйлтийг зохион байгуулж байгаа хүмүүст, Москвад бамбар авч ирсний их баярын мэндийг хүргье!» гэж Виктор Садовничий хэллээ.

Дэлхийн бүх оюутны спортын Универсиад наадмууд зохиогдсон 90 жилийн түүхэнд галт бамбарын буухиа анх удаагаа явагдаж байна. Энэ саналыг Олон улсын Оюутны спортын холбоо дэмжсэн гэж Оросын оюутны спортын холбооны тэргүүн Олег Матыцин “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа ярьсан юм.

«Бид Орос улсын уламжлал ёс заншил болоод Казаний уламжлал ёсыг аль болох олон улс орнууд, их сургуулиудад танилцуулахыг зорьсон. Олимпийн наадамд асаасан бамбарын адил анх 1923 онд Олон улсын оюутны тэмцээн болсон Сорбонд бамбар асаах ёслолын ажиллагааг зохион явуулах саналыг тавьсан. Олон улсын холбоо энэ саналыг дэмжсэн» гэж Олег Матыцин хэллээ.

”Универсиада-2013” наадмын бамбар “Седов” хөлөг онгоцны бүхээгт дэлхийн хагасыг тойрсон. Бамбар Европ, Африкт очиж, Атлантын тэнгисийг туулж, алдартай Горн хадан хошуун дээр очиж, Номхон далайг туулсан. 1-р сарын 25-нд Орос улсад тэмдэглэдэг оюутны өдрөөр “Универсиадын” бамбарыг Владивостокт авчирсан. Энэ үеэс бамбар  Орос улсад байна.  

Москва бамбарыг угтаж авсан оросын 17 дахь хот юм. Бамбарын буухиа гүйлтэнд өмнө үеийн алдартай тамирчид болон москвагийн их дээд, сургуулиудын оюутнууд оролцож, 8080 метр замыг туулж Олимпийн “Лужники” цогцолборт өндөрлөсөн. Бамбар дамжуулагчийн нэг Орос улсын хөл бөмбөгийн шигшээ багийн хаалгач асан Руслан Нигматуллин хэлэхдээ, “Универсиад”-ын бамбарт гар хүрэх боломж олдсон явдалд би их аз жаргалтай байна тэмдэглээд

«Би ийм арга хэмжээнд оролцох болсондоо сэтгэл их хангалуун байна. Би анх удаагаа бамбар барьсан. Гэхдээ би 1993 оны “Универсиад” тэмцээнд оролцож байсан. Энэ бол үнэхээр оюутнуудын хувьд гайхамшигтай үйл явдал юм. Хүн бүр ийм арга хэмжээнд оролцох болтугай гэж ерөөе. “Универсиад” наадам миний төрөлх хот - Казанид зохиогдож байгаад би туйлын баяртай байна» гэлээ.

Москвагаас Пермь рүү капсултай бамбар явсан. “Универсиадын” бамбар нь дэлхийн хагас зуун хотуудад очих бөгөөд нийт 150 мянган км замыг туулна. 7- р сарын 6-нд Казаньд бамбарыг авчирч, гол талбайн өмнө бадраах болно. Ийнхүү Дэлхийн зуны оюутны спортын XXVII наадам үйл ажиллагаагаа эхлэх юм.