Энэ долоо хоногт Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын удирдагчид 2014 онд НАТО эвслийн цэргийг Афганистанаас гаргахтай холбогдуулан Байгууллагынхаа цэргийн бүрэлхдүүн хэсгийг бэхжүүлж,тажик-афганы хил хамгаалах хүч нэмэгдүүлэхээр тохиролцов. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага бүс нутагт тулгарч мэдэх олон аюул сорилтыг няцаах боломжтой байна гэж шинжээчид үзэж байна.

Тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдын албан бус дээд хэмжээний уулзалт Афганистаны байдал тогтворгүй болж, Төв Азийн бүгд найрамдах улсыг хамрана гэх мэт түгшүүртэй үг яриа тархсан нөхцөлд болсон юм. ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн Дундад, Төв Азийн хэлтсийн эрхлэгч Андрей Грозин хэлэхдээ

«Харамсалтай нь лалын зүсэн зүйлийн бүлгийн отрядууд тажик -афган болон туркмен-афганы хил орчимд төвлөрч байна гэсэн мэдээ ирээд байна. Эдгээр бүлэг дан талибууд буюу тэдний холбоотнуудынх биш. Афганистаны армитай байлдан дайтсаар байна. Тогтворгүй байдал хойшоо зүглэж, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хариуцах бүст ойртож байна. Удахгүй мөн аюул улам ноцтой болж мэднэ. Төв Азийн орнууд хүнд байдалд орж байна» гэв.

Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжагийн мэдэгдсэнчилэн гишүүн орнууд америкийн цэргийг Афганистанаас гаргах, тус улсын байдал хурцдахын хор уршгийг аль болохоор багасгахыг хичээж байна.

Америкийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш түвэгтэй асуудлууд бүх бүс нутагт тулгарна гэж Стратегийн зам харилцааны төвийн дэд ерөнхийлөгч Дмитрий Абзалов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Гол гол эрсдэл аюулгүй байдалтай холбоотой. Ялангуяа Ферганы хөндийн талаар тийм байна. Мансуурулах бодисын тээвэрлэлт өргөжих юм. Үүнтэй тэмцэх хамтын хүчнийг байгуулах асуудлыг авч үзсэн. Афганистанаас тээвэрлэх мансууруулах бодисын хэмжээ нэмэгдснээр Тажикистаны байр суурь нэлээд сулрах юм. Үнэн чанартаа тус улс «дамжуур хашаа» болж хувирна» гэв.

Чухам мансууруулах бодисын тээвэрлэлт гол сорилтын нэг болсон. Намуу цэцгийн тариалангийн талбай Афганистаны нийгэм-улс төрийн загварын салшгүй нэг хэсэг боллоо. Афганистанд өрнөдийн эвслийн цэрэг байх үед хар тамхины үйлдвэрлэл олонтаа нэмэгдэв.

НАТО-гийн цэргийг Афганистанаас гаргаснаас хойш тус улс явцуу хэдэн байгуулал болж хуваагдвал аюул улам ноцтой болох юм. Үүний улмаас Афганистаны нутаг дэвсгэрт террорын байгууллагуудын үүр олшрон нэмэгдэнэ. Үнэн чанартаа ирэх оноос Афганистан архаг мөргөлдөөний бүс болж хувирах аюул тулгарсан. Тус улсаас лалын радикал үзэл, «жихадад» зориулсан хөрөнгө мөнгө, зэвсэг дэлхий даяар тархах юм.

Америкийн цөөхөн цэрэг Афганистанд үлдэх явдал тайвшруулах ёсгүй. Мансууруулах бодисын урсгал эрс өргөжих төдийгүй мансууруулах бодисоор өөрсдийгөө тэтгэж байгаа бүх бүлэг Төв Азийн орнуудын нутаг дэвсгэрт ашиг сонирхолоо зэвсэг хэрэглэн хамгаалахад бэлдэх хэрэгтэй.