Өмнөд Солонгосын ерөнхий сайд Чонг Хонг Вон өмнөд солонгосын цөмийн реакторуудад чанар муутай эд хэрэгсэл нийлүүлснийг хариуцах этгээдүүдийг илрүүлэхийн тулд нарийн мөрдөн байцаах ажиллагаа явуулах даалгавар өгсөн тухай Ренхап агентлаг мэдээллээ.

«Шин Кори Реактор 2», «Шин Вольсон Реактор 1» реакторуудыг зогсоож, өөр хоёр реакторын ажлыг түр зогсоох тухай мягмар гаригт Цөмийн аюулгүй байдлын комисс зарлан мэдээлсэн билээ. Учир нь реакторуудын зарим эд хэрэгсэл чанарын хуурамч баримт бичигтэй байсан нь илрэв.

«Цөмийн реакторын эд ангийн чанарын баримт бичгийг хуурамч болгох нь хүнд гэмт хэрэг юм» гэж ерөнхий сайд засгийн газрын долоо хоног дутмын зөвлөлгөөн дээр мэдэгджээ. Мөрдөн байцаах үйл ажиллагааны үр дүнг зарлан мэдээлж, буруутнуудыг хатуу шийтгэнэ гэж тэрээр амлав.

Түүнчлэн засгийн газрын тэргүүн олон нийтэд хандан энерги хэмнэх компанит ажиллагаанд нэгдэхийг уриалав. Энергийн хэрэглээ эрс нэмэгдэх зуны улирал цахилгаан энергийн нийлүүлэлт тасалдах вий гэж Өмнөд Солонгосын иргэд болгоомжилж байна.