Орос улсаас Сири улсад С-300 зенитийн цогцолборыг Сири улсад нийлүүлсэн тухай мэдээлэл үнэн байдалд огт нийцэхгүй байна.Энэ нь Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ливаны «Аль-Манар» телевизийн сувагт өгсөн ярилцлагыг буруу орчуулсан явдал эсвэл нийлүүлэлтийг батлах гэсэн дэглэмийг эсэргүүцэгчдийн санаархалтай холбоотой байх. Ийнхүү оролдлого сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхэд ногдуулсан бүх хязгаарлалтыг аль болох түргэн арилгах зорилготой юм. Ерөнхийлөгчийн ярилцлагыг 5-р сарын 30-нд нэвтрүүлсэн билээ.

Оросын С-300 цогцолборыг нийлүүлсэн тухай Сирийн Ерөнхийлөгч яриагүй. Тэрээр хууль ёсоор байгуулсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Оростой хамтран ажиллаж байгааг ерөнхийд нь дурдаж өгүүлэв. Москва урьд өмнө байгуулсан бүх хэлэлцээрийг даган мөрдөж байна гэж Асад хэлээд

«Бид янз янзын төрлийн зэвсэг нийлүүлэх асуудлаар Орос улстай олон жилийн турш хэлэлцээ хийсэн. Оросын тал эдгээр хэлэлцээрийг хэрэгжүүлж байна. ОХУ-тай байгуулсан бүх хэлэлцээрийг хэрэгжүүлэх юм. Заримы нь хэрэгжүүлсэн, цаашдаа бас хэрэгжүүлэх болно» гэв.

С-300 мэт нарийн системийг нийлүүлж байрлуулах нь хүнд бэрх үйл хэрэг гэж цэргийн шинжээчид үзэж байна. Ийм арга хэмжээг ажиглахгүй байж болохгүй. Боловсон хүчнийг сургахад наанадаж хагас жилийн хугацаа шаардагдана. Эсвэл оросын офицерууд пуужингуудыг үйлчилнэ. Ийм үйл ажиллагааг хөрш зэргэлдээ орнуудын тагнуулын албадаас нуух аргагүй. С-300 системийг Сири улсад нэгэнт нийлүүлсэн бол өнөөгийн адил тайван хандалгүй эрс эсэргүүцэл мэдэгдэх байсан.

Харин сөрөг хүчний зэвсэгт бүлгүүд байлдаанд хэрэглэх химийн зэвсгийг нөөцөлж, ноцтой аюул учрулсанд өнөөдөр Москвад ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров хэлсэн үгэндээ анхаарлыг хандуулав.

Туркийн аюулгүй байдлын хүчин «Аль-Каидад» ойр «Жабхат аль-Нусра» бүлгийн 12 гишүүнийг 5-р сарын 30-нд саатуулсан явдал үүнийг нотлон харуулав. Тэднийг сирийн хил орчимд саатуулжээ. Эдгээр этгээдийн 2 кг зарин хий хийсэн чингэлэгүүдийг хураажээ. Энэ нь мэдрэлд хортой нөлөөх бодис юм.

Хоёр кг зарин хийгээр олон зуун мянган хүнийг хордуулж мэднэ. Засгийн газрын эсрэг хүчин химийн зэвсэг энэ оны 3-р сард Алеппо хот орчимд хэрэглэсэн билээ. Тэр үед 16 хүн амь үрэгджээ. Олонхи нь энгийн номхон оршин суугчид байсан. Химийн дайралтын үеэр чухам зарин хий хэрэглэснийг илрүүлэн тогтоов.

Сөрөг хүчин үйл олноор хөнөөх химийн зэвсэгтэй гэсэн мэдээллийг нарийн шалган байцаахыг Сергей Лавров уриалаад «Туркийн тал ийм байдлаас ямар дүгнэлт хийснээ шуурхай мэдээлнэ гэдэгт найдаж байна. Байдал маш аюултай байна. Химийн зэвсгийг амны уншлага болгосон этгээдүүд тоглоомоо эцэслүүлэх ёстой. Үүнтэй холбоотой бүх будлианыг мөрдөн байцаах нь зайлшгүй чухал» гэлээ.

НҮБ-ын АЗ «Жабхат аль-Нусра» бүлгийг террорын байгууллагуудын цэст оруулахаар шийдвэрлэв. АЗ-ийн гишүүн бүх 15 улс мөн шийдвэрийг дэмжлээ. «Жабхат аль-Нусра» бол олон улсын террорын сүлжээний үүр мөн гэж энэ оны бүр 4-р сард «Аль-Каидагийн» иракийн салбарын толгойлогч Абу Бакр аль-Багдади мэдэгдсэн билээ.

Ийм нөхцөлд сирийн зохицуулалтын асуудлаархи женевийн шинэ бага хурлыг хойшлуулж болохгүй. 6-р сарын 5-нд Женевэд Төрийн департаментын дээгүүр албан тушаалтай төлөөлөгчид Орос улсын ба НҮБ-ын төлөөлөгчидтэй уулзах тухай Москва, Вашингтон хоёр зарлан мэдээлэв.

Тэд женевийн шинэ бага хурлын бэлтгэлийг авч үзэж хэлэлцэнэ. Энэ замд маш олон түвэг бэрхшээл тулгарсан учраас 6-р сарын эхний хагаст зарлан хуралдуулахаар товлосон бага хурлыг арга буюу хойшлуулж болзошгүй.