БНХАУ-ын дарга Си Зиньпинь баасан гаригт Латин Америк болон Карибын савын орнуудаар хийх Төрийн айлчлалаа эхэллээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Тринидад, Тобаго, Коста-Рика, Мексикт очих ба АНУ-д айлчилж ерөнхийлөгч Барак Обаматай яриа-хэлэлцээр явуулна.

Си Зиньпины айлчлал  Бээжингийн тус бүс нутгийн орнуудтай харилцах харилцааг шинэ шатанд гаргахад оршиж байна. Хятадын “Чжунго шибао” сонин тус улсын тэргүүний айлчлалыг тайлбарлахдаа, Хятад улсын талаас Латин Америкийн болон Карибын савын орнуудын худалдаа эргэлтийн  хэмжээг нэмэгдүүлснээр, хоёр талын харилцаа эрчимтэй хөгжинө гэж тэмдэглэжээ.

Хэвлэлийн дүгнэж байгаагаар, талууд харилцан ажиллагаагаа чанартай гүнзгийрүүлэх аргуудыг эрэлхийлж байгаа бөгөөд энэ нь юуны өмнө худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт болон экспортын хэмжээг нэмэгдүүлэх хийгээд технологийн солилцоо байх юм.

6-р сарын 7,8-ны өдрүүдэд Си Зиньпинь Калифорни мужид БНХАУ-ын даргын албан тушаалд томлигдсоноос хойш анх удаагаа АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай уулзалт хийнэ. Хятадын ХМХ-үүд удахгүй болох гэж байгаа хоёр удирдагчийн энэхүү яриа хэлэлцээрийг удтал хүлээсэн уулзалт хэмээн нэрлэсэн бөгөөд  уулзалтыг хосгүй уулзалт байх болно гэжээ.

ИТАР-ТАСС агентлаг Хятадын Ардын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн дэд захирал Зинь Цаньжуны ярьсныг иш татан уламжлахдаа, талууд тайваны асуудал, юаний ханш, кибер аюулгүй байдлын тухай, зохиогчийн эрх, Солонгосын хойгийн цөмийн тулгамдсан асуудал болон Зүүн-Хятадын тэнгисийн арлуудын маргаантай асуудлууд болоод Ираны цөмийн асуудал, Сирийн улс төрийн зохицуулалтын тухай хэлэлцэж магадгүй гэжээ.