Орос улс Санкт-Петербургад болох «их хорийн» дээд хэмжээний уулзалтад түүхий эдийн зах зээлийг ил тод болгож, хөгжлий нь урьдчилан харах шинж чанартай болгох шинэ санаачлагыг бэлтгэж байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин НҮБ-ын ивээлийн дор болж байгаа Ази Номхон далайн энергийн анхны чуулга уулзалтад оролцогчдод мэдэгдэв.

Ерөнхийлөгчийн хэлснээр манай бүс нутаг болон дэлхийн эдийн засгийн урт хугацааны өсөлт эрчим хүчний салбарын оновчтой үр бүтээлтэй үйл ажиллагаанаас шууд хамаарагдаж байна. «Бүх нийтэд хүртээлтэй тасралтгүй энергийн хангамжад» чиглэгдсэн АНДБН-ийн орнуудын хүчин чармайлтыг уялдуулан зохицуулах нь чухал гэж Владимир Путин тэмдэглэв. ОХУ эрчим хүчний салбарт олон улсын эрх зүйн дэглэмийг бэхжүүлэхийн төлөө хатуу тууштай тэмцэж байгааг тэрээр тэмдэглэв.

Орос улсаас түлш нийлүүлэгч, хэрэглэгчийн ашиг сонирхолыг харгалзан үзэх үндсэн дээр «их наймын» үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахыг санаачилсан гэж Владимир Путин онцлов. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владивостокод Ази Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр бүс нутгийн орнуудын энергийн балансад экологийн цэвэр байгалийн хийн хувийг нэмэгдүүлэх, атомын энергийг энхийн зорилгоор өргөн ашиглах санал дэвшүүлснийг дурдав.

Түүнээс гадна Владимир Путин Орос улсаас АНДБН-ийн орнуудад нийлүүлж байгаа нүүрс ус төрөгчийн хэр хэмжээ өсөн нэмэгдсээр байгаад анхаарлыг хандуулжээ. Түүний хэлснээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа АНДБН-ийн энергийн тогтвортой хангамжийн олон жилийн стратегийг боловсруулах чуулга уулзалтын зорилтод нийцэж байна.