Сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон ЕХ-ны шийдвэрийн хугацаа 5-р сарын 31-нд шувтарч дуусах юм. Энэ нь 5-р сарын 27-нд Брюссельд эхлээд маргааш  өглөө нь хийж дууссан ЕХ-ны гишүүн орнуудын ГХ-ийн сайд нарын олон цагийн уулзалтын гол үр дүн боллоо. Эл асуудлаар ширүүн маргалдсан учир сайд нар хориглох дэглэмийг гүйцээж боловсруулах буюу түүнийг хүчингүй болгох асуудлаар тохиролцож чадсангүй. Иймээс хориглох дэглэм аяндаа эцэслэх юм.

Ингээд бүр 6-р сарын 1-нээс ЕХ-ны гишүүн аль ч улс сирийн сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж эхлэнэ. Гэвч үнэн хэрэг дээр Франц, Британиэс гадна европын орнууд зэвсэг нийлүүлэхэд бэлэн биш байна. Европын сайд нар сирийн зохицуулалтын асуудлаар шинэ бага хурлыг зарлан хуралдуулах саналыг дэмжээд Женевэд хуралдах бага хуралд боломж олгохын тулд сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхээс 8-р сар хүртэл татгалзахыг уриалжээ. Сирийн засгийн газрын эсрэг санхүү,эдийн засгийн хориг арга хэмжээний хугацааг бас нэг жилээр сунгахаар тохиролцсон байна.

ЕХ-оос 2011 оны зун Сири улсын талаар багц хориг арга хэмжээ авахаар шийдвэрлсэн билээ. Сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох нь тус улсын байдалд их нөлөөлөхгүй. Учир нь сөрөг хүчинд зэвсэг аль хэдийнэ нийлүүлж эхлэсэн гэж Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлээд

«Хориглосон ч сөрөг хүчинд зэвсэг нийлүүлж байна. Орчин цагийн системийн зэвсгээр сөрөг хүчнийг зэвсэглэж байна. Засгийн газрын цэрэг хуягт танкийн техник, нисэх хүчний талаар давуутай нь зүй ёсны хэрэг. Өрнөдөөс өөр бүх төрлийн зэвсгийг сөрөг хүчинд нийлүүлж байна» гэв.

Хориог эцэслүүлэх нь сирийн асуудлын дипломат шийдвэрийг ойртуулна гэж хориог зогсоохыг санаачилсан Их Британийн ГХ-ийн сайд Уильям Хейг мэдэгдэв. Консерватив намын зарим гишүүн ч түүний саналыг дэмжихгүй байна. Хориог зогсоох нь Ойрхи Дорнодод мөргөлдөөнийг гаарулж мэднэ гэж парламентын доод танхимын депутат Жон Бэрн мэдэгдлээ.

Оросын олон шинжээч бас ийм саналтай байна. Бүс нутгийг зэвсгээр дүүргэх нь энхийн зохицуулалтад хүргэхгүй эргэлзээтэй зам гэж Оросын ШУА-ийн Европын хүрээлэнгийн Германы судлалын төвийн удирдагч Владислав Белов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Сөрөг хүчинд зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг хүчингүй болгох нь мөрөлдөөнийг зохицуулах байтугай улам хурцатгах зам мөн. Одоо ч гэсэн байлдан дайтаж байгаа талууд зэвсэг авч байна. Асадтай байлдан дайтаж байгаа бүлгүүд орчин цагийн байлдааны системийн зэвсгээр сайн зэвсэгдэгдсэн юм. Хориог зогсоох нь сөргөлдөөнийг гааруулах, олон хүний амь насыг бүрэлгэх хор холбогдолтой болж мэднэ» гэв.

ЕХ-ны гишүүн орнуудын сайд нар 8-р сараас наана Сири улсад зэвсэг нийлүүлэх асуудлыг ахин хэлэлцэхээр тохиролцов. Ямар ч байсан  Женевийн шинэ бага хурал Сирийн улс төрийн зохицуулалтыг ойртуулна гэдэгт найдаж байна.