Та бүхний захидлаар бэлтгэн явуулдаг манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг хүлээн авч сонсоно уу. Үүгээр бид сонирхсон асуултанд хариулж, захиалсан дуу хөгжмийг тань биелүүлдэг билээ. Манай нэвтрүүлгийг та бүхэн ням гариг бүр хүлээн авч байх болно. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү?

Ялалтын баярын ёслолын буудлагын буун дуу ард үлдлээ. Энэхүү баяр нь Эх орны дайнд оролцогчдын тухай өгүүлэх олон захидлын давалгаан дуудлаа. Жишээ нь, Лувсангийн Амартүвшин цахим шуудангаар ирүүлсэн захидалдаа өөрийн өвөг эцгийн тухай ийн бичжээ.

«Сайн байцгаана уу? Би та бүхэнд анхныхаа захидлыг бичиж байна. Би өөрийн өвөг эцэг Лувсангийн Шаравдоржийн тухай та бүхэнд бичье гэж бодсон юм. Тэр 1912 онд одоогийн Сүхбаатар аймагт төрсөн. Тэр 1934-1938 онд Ленинградын цэргийн анагаахын дээд сургуульд суралцаж байгаад 6-р морьт дивизэд эмчээр татагдсан. Өвөг эцэг Халхын–голын байлдаанд оролцож явсан. Дараа нь Кировын нэрэмжит цэргийн анагаах ухааны академид суралцсан. Тэр хурандаа цол авч, улс нийгэмд 50 орчим жил эмчээр ажилласан. Өвөө маань бусад олон хүмүүсийн нэгэн адил дайны хүнд хэцүү үеийг туулж, нэг бус хүний амийг аварсан. Миний өвөөгийн адил ажиллаж байсан цэргийн олон эмч нарын төрөл төрөгсдөд мэнд уламжилж өгөхийг хүсье».

Эрхэм Амартүвшин танд, баярлалаа. Цэргийн эмч, сувилагч нарын ач тус, алдар гавъяаг үнэлж баршгүй. Эх орны дайны жилүүдэд Улаан Армийн цэргийн эмнэлгийн албаны бүрэлдэхүүнд 200 мянга гаруй эмч, 500 мянган сувилагч ажиллаж байжээ.Улаан армийн эмнэлгийн хангамжийн албанд ажиллаж байсан цэргийн эмч нарын дунд 300 гаруй академич, шинжлэх ухааны гавъяатнууд болон профессорууд, 3 мянга орчим доктор, анагаах ухааны дэд эрдэмтэд байжээ. Хүнд хэцүү нөхцөлд тэднээс гайхамшигтай эр зориг, баатарлаг гавъяа цөөнгүй гарч, амь насаа золиослож байсан. Тэд ямарч тохиолдолд бололцоотой бүхнээ хийж, шархадсан хүмүүсийн амь насыг аварч, тэднийг жагсаалын эгнээнд эргүүлэн авчирж байсан.Эмнэлгийнхний баатарлаг үйлсийг байлдааны гавъяаны адил үздэг байсан.

Дайны жилүүдэд зөвлөлтийн эмч нар шархадсан хүмүүсийн 70 хувь, өвчтөнгүүдийн 90 хувийг жагсаалын эгнээнд буцаасан. Дайны жилүүдэд эмнэлгийн албаныхны ачаар эмчлэгдсэн шархадсан хүмүүс болон өвчтэй хүмүүсийн тоо 17 сая орчим байсан.

Эмнэлгийнхний хүчин чармайлтын ачаар дайны жилүүдэд фронтод ч тэр, ар талд ч тэр, тахлын өвчин гарч байгаагүй юм. Орос улсад анх удаагаа “Дайн, тахлын өвчний тухай хууль” хэрэгжээгүй юм. Тэр үед тахал өвчний “түймрээс” сэргийлж чадсан бөгөөд энэ явдал нь хэдэн зуун мянган хүний амийг аварсан.

Амартүвшин, таны өвөг эцгийн дурсгалыг хүндэтгэн, Орос улсын ардын жүжигчин Иосиф Кобзоны дуулсан “Медсанбат” /”Эмнэлэг-сувиллын батальон”/дууг сонсгое.

Саяхан бид “Монголын анд нөхдийн холбоо”- байгуулагдсны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан зарласан асуулт хариултын уралдааны дүнг гаргасан. Энд ирүүлсэн хариулт бүр нь тайлбартай юм уу, эсвэл өөрийн тухай бяцхан намтар дагасан байв.

“Оросын дуу хоолой” радиогийн Улаанбаатар дахь сонсогчдын “Найрамдал”клубын удирдагчдын нэг, бидний дотны анд, эрхэмсэг хатагтай Ё.Магсаржалам ирүүлсэн захидалдаа манай нэвтрүүлгүүдийг сонсох дуртай бөгөөд сайтанд орж олон ашигтай мэдээлэл авдаг тухайгаа бичжээ.

Увс аймгаас Лхагважав ирүүлсэн захидалдаа, манай нэвтрүүлгийг байнга сонсдог болон манай уран бүтээлчдэд ажлын амжилт хүссэн байна. Танд баярлалаа. Улаанбаатар хотын оршин суугч Түмэнбаатар манай уралдааны асуултын хариуг дэлгэрэнгүйгээр бичиж ирүүлжээ. Тэр 1967 онд Одессад тусгай мэргэжлийн инженерийн мэргэжлийг эзэмшиж, улмаар улс эх орондоо 70 нас хүртлээ улсад хөдөлмөрлөжээ. Одоо тэр олон үр ач нартайгаа ая тухтай, сайхан амьдарч байна. Түмэнбаатар манай зарласан “Монголын анд нөхдийн холбоо”-ны 50 жилийн ойд зориулсан уралдааны шагналт байранд орж, шагнуулж байсан. Тэр захидалдаа “Монголын анд нөхдийн холбоо” байгуулагдсны 55 жилийн ойн баярын мэндийг тус нийгэмлэгт уламжлахыг биднээс хүсчээ. Бид дуртайя уламжилна.

Дорнод аймгаас Дарамбазар уралдааны хариултаа өөрийн хувийн архивын гэрэл зургуудын хамт ирүүлжээ. Тэрээр залуучуудыг дайны жилүүдийн түүхийг илүү сонирхож, ахмад дайчдыг мартахгуй байна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Москвагийн радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн редакц болон “Монголын анд нөхдийн холбоо” нийгэмлэг манай радиогийн асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцсон бүх сонсогчдод талархал илэрхийлж байна. Цаашид та бүхэн манай уралдаануудад оролцоно гэдэгт бид найдаж байна. Одоо манай бүх сонсогчдод зориулан Игорь Наджиевын дуулсан “Есть только миг” /”Нэгэн учрал”/дууг сонсгоё.

Дараагийн захидлыг Дорнод аймгаас Зундуйн Нацагдорж гэр бүлийнхнийхээ хамт бичиж ирүүлжээ. Нацагдоржийн охин Н.Ариунсанаа 8 –р ангид сурдаг. Хүү Н.Ариунтулга 7-р ангид сурдаг. Тэр хоёр Оросын нийслэл Москва хотын ерөнхий боловсролын сургуулийн өөрийн үе тэнгийнхэнтэйгээ захидлаар харилцах сонирхолтой байдаг болон Москва хотод аялахыг хүсдэг тухайгаа бичжээ. Нацагдорж гуай захидалдаа:

«Манай гэр бүл танай радио нэвтрүүлгийг байнга сонсдог. Бидний ирээдүйн сайн сайхны төлөө алтан амиа алдсан Улаан армийн баатрууд, монгол цэргүүдийн гавъяаг бид мартах ёсгүй юм. Миний эцэг Зундуй Халх голын байлдаанд тулалдаж явсан. Дараа нь эцэг маань Квантиуны армийг бут цохиход мөн оролцсон. Тэр 8 –р морин дивизид алба хааж явсан. Эцэг маань бидэнд, залуу үеийхэнд дайны тэр жилүүдийн тухай олон зүйлүүдийг ярьж өгдөг байсан».

Хүндэт Нацагдорж гуай, танай гэр бүл “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг байнга сонсдогт бид талархаж байна. Таны охин Н.Ариунсанаа, хүү Н.Ариунтулга нар Москвад ирж оросын нийслэл хотын сайхныг үзэх боломж тохионо гэдэгт бид найдаж байна. Жил бүр Москва хотод олон сайхан газрдууд шинээр бий болдог. Зуны цаг үед цэцэрлэгт хүрээлэнгүүд болон оросын нийслэлийн түүхэн эзэмшил газруудаар аялал зугаалга хийх нь илүү зохимжтой. Та бүхэнд Коломенскийн дархан цаазат- музей газрын уран барилга, түүхийн хосгүй цогцолборт очиж үзээрэй гэж зөвлөе. Өөр нэг дархан цаазтай музей бол Царицыно дахь хатан хаан II Елизаветын өргөө юм. Эндхийн нутаг дэвсгэрт түүхийн барилгуудын цогцолбор байдаг. Хүүхдүүдтэйгээ аялаж яваа жуулчдын хувьд Горькийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн өргөн гудамжуудаар зугаалахыг санал болгож байна. Эндхийн нутаг дэвсгэрт янз бүрийн насны хүмүүст зориулсан олон төрлийн тоглоом наадам зөндөө байдаг. Үдэш орой Воробьевын уулан дахь алсыг харах талбайг зөвлөж байна. Тэндээс орчин үеийн гэрлээр чимэглэсэн үдшийн Москваг харах юутай сайхан!

Харин одоо Нацагдорж гуайдаа болон түүний гэр бүлд зориулан “Машина времени” хамтлагийн дуучин Андрей Макаревичийн “Дружба” дууг сонсгоё.

Хэдхэн хоногийн дараа зуны дэлгэр цаг зүй ёсоороо хуанлийн хуудсыг эргүүлэх гэж байна. Хэн нэгэн нь бусад орнуудад явж амрах гэж байхад, нөгөө нэг нь нутагтаа амрахыг хүснэ. Улаанбаатар хотын иргэн Дэлгэрмаа бидэнд бичсэн захидалдаа

«Сайн байцгаана уу? Танай радиогийн нэвтрүүлгийг би хүүхэд ахуй цагаас сонсдог юм. Би танай “Шуудангийн хайрцаг “ нэвтрүүлэгт их дуртай. Миний захидлыг оруулбал би их баярлах болно. Юуны түрүүнд, өөрийн гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө мэнд хүргэж, та бүхэндээ хайртай шүү гэж хэлмээр байна. Ялангуяа, энэ жил сургуулиа төгсч байгаа дүү Түвшиндөө амжилт хүсч, хүссэн суруульдаа ороорой гэж ерөөе! Энэ жил дулаахан, хур бороо тэгш сайхан зун болох болов уу. Хөдөө аж ахуйд болон аялал жуулчлалд таатай улирал байгаасай гэж хүлээж байна. Орос хүмүүс амралтаараа ийш тийш явж, амралтаа сайхан өнгөрөөдөг гэж мэднэ. Одоо оросууд ямар орнуудад амрахыг илүүд үздэг тухай ярьж өгнө үү?».

Хүмүүсийн хувьд бусад орнуудаар аялал хийх нь амралт, аялал төдийгүй олон шинэ зүйлүүдийг өөрийн нүдээр харж, олон сайхан юмыг олж мэдэх боломж олгодог. “Ростуризм” байгууллагын албан ёсны статистик мэдээгээр,оросын иргэд гадаадын амралт сувиллын газруудад идэвхитэй амарч буй юм. Тэдгээрийн дунд хамгийн их нэртэй амралтууд бол Түрк улсын амралтууд. Хоёрдугаар байранд Испани орж байна. Испаний хамгийн нэртэй бүс нутаг бол Каталония юм. Тэнд оросын жуулчдын 60 % очдог. Оросын жуулчид Канарын арлууд дээр амрах дуртай. Гуравдугаарт, Франц орж байна. Дөрөв дүгээр байранд Итали, Чехи улсууд хамтдаа орж байна. Статистикийн мэдээгээр, оросын иргэд нь Швейцарь, Словень болон Хорват руу олонтоо явж байна. Түүнчлэн Британий арлууд болон Ирланд руу явах нь нэмэгдэж байна.

Азийн аялал жуулчлал Оросын иргэдийн дунд газар авч байна. Статистик мэдээгээр, санал асуулгад оролцсон хүмүүсийн 10 % нь өнгөрсөн жил Зүүн-Өмнөд Азид явж амарчээ. Мэдээж хэрэг азийн амралтын газруудын “хаан “нь Тайланд! Шанхай болон Бээжин хамгийн их жуулчин авдаг. “Оюуны” жуулчлалыг сонирхогчид нь Энэтхэг, Балба, Бирм рүү явдаг. Харин Солонгос, Японы руу жуулчдын тоо буурч байна.

Оросын иргэд өөрийн эх орны амралт сувиллуудад амрах дуртай бөгөөд ингэхдээ тэд зочид буудалд юм уу, хувийн хэвшлийн байранд захиалга өгдөг.

Манай шуудангийн хайрцаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн манай нэвтрүүлгээр юу сонсох, ямар дуу хөгжмийн мэндчилгээ хүсч байгаагаа бидэнд манай цахим шуудангийн хаягаар post_mn@ruvr.ru юм уу, эсвэл шуудангаар 115326 Россия, Москва, улица Пятницкая 25,радио “Голос России”, вещание на Монголию гэж хаяглаж ирүүлнэ үү? Дараа дахин уулзатлаа баяртай.