Нэгдүгээр сард “Оросын дуу хоолой” радио, оросын “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгтэй хамтран монголын сонсогчдын дунд энэ нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаан зарласан.

Энэхүү байгууллага нь 5-р сарын 14-нд байгуулагдсныхаа түүхэн ойгоо тэмдэглэсэн. Чухамхүү 1958 онд анх зөвлөлт-монголын найрамдлын нийгэмлэг байгуулагдсан бөгөөд 1992 оноос “Анд нөхдийн холбоо” нэртэй үйл ажиллагаагаа явуулж ирсэн юм.

Өнөөдөр бид монголын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн тэргүүлдэг “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын ордны дэмжлэгтэйгээр асуулт хариултын уралдааны дүнг гаргана.

Бид та бүхэнд дараах гурван асуултанд хариу ирүүлэхийг санал болгосон билээ.

Анхны асуулт ийм байсан. Зөвлөлт монголын найрамдлын нийгэмлэгийг анх хэн тэргүүлж байсан бэ? Энэ алдартай хүний тухай өгүүлнэ үү?

Уралдаанд оролцогчид бүгд нийгэмлэгийн анхны тэргүүн, алдартай цэргийн дарга, зөвлөлтийн анхны маршалуудын нэг, ЗХУ-ын гурван удаагийн баатар Семен Буденный нэрийг болон түүний түүх намтрыг бичиж ирүүлжээ.

Сүүлийн дөчин жилийн турш 1973 оноос зөвлөлт-монголын найрамлын нийгэмлэг буюу өнөөгийн “Монголын анд нөхдийн холбоо”-г сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар Виктор Горбатко тэргүүлж байна. Бидний хоёрдахь асуулт “Виктор Горбатко хэзээ, хэдэн удаа сансарт ниссэн бэ?” гэсэн асуулт байсан юм.

Одоо зөв хариултыг сонсоно уу. Хошууч-генерал Виктор Горбатко нь ЗХУ-ын 21 дэхь бөгөөд дэлхийн 43 дахь сансрын нисгэгч юм. Тэрбээр зөвлөлтийн анхны сансрын нисгэгчдийн багийн гишүүн. Горбатко нь сансарт гурван удаа ниссэн. Тэр анх 1969 онд “Союз-7” хөлгөөр сансарт ниссэн. Тэр хоёр дахь удаагаа 1977 онд “Союз-24” хөлгөөр ниссэн бөгөөд багийн ахлагчаар ажилласан. Виктор Горбатко гурав дахь удаагаа 1980 оны 7-р сард “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд зөвлөлт-вьетнамын сансрын хамтарсан багийн даргаар вьетнамын сансрын нисгэгч Фам Туаны хамт ниссэн.

Одоо манай уралдааны гурав дахь асуултыг товч хариултын хамт сонсгоё. “Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэг нь Монгол улсын ижил төрлийн байгууллагатай байнга нягт хамтран ажилладаг. Энэ байгууллагыг нэрлэн үү? Өнгөрсөн жил энэ байгууллага ямар түүхэн ойгоо ёслон тэмдэглэсэн бэ?

Энэ асуултанд манай оролцогчид бараг бүгдээрээ зөв хариулжээ. Үүнд бид их баяртай байна. Үнэндээ зарим хүмүүс Интернет болон бусад эх сурвалжуудыг ашиглаж, илүү дэлгэрэнгүй хариултыг бидэнд ирүүлжээ. Мөн асуулт хариултын уралдаанд олон залуу хүмүүс идэвхтэй оролцсон нь их таатай сэтгэгдэл төрүүлж байна. Бидэнд Чойбалсан хотоос оюутан М.Сарантуяа ийн бичжээ.

“Би анх удаагаа “Оросын дуу хоолой”радиогийн асуулт хариултын уралдаанд оролцож байна. Уралдаанд хариу бичихээр материал цуглуулж байх зуураа би өөрт ашигтай, зөндөө олон шинэ зүйлийг мэдэж авлаа. Эдгээр мэдлэг нь надад цаашид хэрэг болно гэж бодож байна” гэжээ. Манай уралдаанд Орос улсын Москва болон бусад хотуудад суралцаж байгаа монголын охид, хөвгүүд анх удаагаа оролцов. Тэд “Оросын дуу хоолой” радиог Интернетээр сонсдог аж.

“Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны ялагчдыг тодруулах нь амаргүй байлаа. Учир нь сайн ажил цөөнгүй байсан. Виктор Горбаткогийн тэргүүлсэн нэр хүндтэй шүүгчдийн бүрэлдэхүүн уралдаанд ирүүлсэн бүх ажлуудтай нарийн чанд танилцасны дүнд дараах шийдвэрийг гаргасан.

Анхаараарай! Уралдаанд ирүүлсэн шилдэг ажлаар Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэн Ч.Мөнхбаярын ирүүлсэн хариулт шалгарлаа. Тэр 49 настай. Энэ жил тэр чөлөөндөө сууна. Тэр ажлаа орос хэл дээр маш сайн бичиж ирүүлжээ. Гэхдээ ийм шаардлага нь уралдааны болзолд ороогүй юм.

Эрхэм анд Мөнхбаярын бидэнд бичиж ирүүлснээр, тэр цагтаа Москва хотод Хилийн цэргийн дээд сургууль төгсчээ. Орос хэлийг тэр залуудаа сурсан. Одоо тэр Чойбалсан хотод үйл ажиллагаагаа явуулдаг “Матрешка” клубт орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлдэг байна. “Тус клубт бид орос хэлнийхээ мэдлэгийг дээшлүүлэхийн хамт орчин үеийн Оросын тухай, оросын залуучуудын тухай, оросын ард түмний соёл, ёс заншлын тухай олон зүйлийг мэдэж авдаг” гэжээ.

Бид Мөнхбаярт чин сэтгэлийн угаас баяр хүргье!

Шүүгчдийн бүрэлдэхүүн хоёр дугаар байранд Базаргүрийн Батзоригийн ажлыг шалгарууллаа. Тэр УБ хотод амьдардаг бөөгөд “Оюу Толгой” компанид ажилладаг. Батзориг уралдааны гурван асуултанд хариулаад зогсохгүй өөрийн ажлыг бидэнд хамгийн түрүүнд шуурхай ирүүлсэн юм.

Уралдааны гурав дугаар байранд Налайх хотын 2-р хорооллын оршин суугч Шаравхааны Хааны хариулт шалгарлаа. Эхний хоёр оролцогчоос ялгаатай нь тэр “Оросын дуу хоолой” радиогийн асуулт хариултын уралдаанд өмнө нь оролцож байсан. Хоёр жилийн өмнө тэр Орос-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ойд зориулж явуулсан уралдаанд оролцож, шагнуулж байсан.

Оросын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд сайн хариултууд цөөнгүй ирсэн юм. Гэтэл уралдааны болзлоор гурван гол шагнал байсан. Гэхдээ шүүгчид урамшуулах шагналыг хоёр хүнд нэмж олгохоор шийдвэрлэв. Энэ бол Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16-р хорооллын оршин суугч, бидний дотны танил Гончигийн Батмөнх гуай юм. Тэр одоо нас сүүдэр 90 хүрч байгаа, нэгэн сайхан настан буурал. Дараагийн хүн бол 88 настай, эрхэм хүндэт Цэрэндаш гуай юм.Тэр Дархан уул аймгийн Дархан сумын 5-р багт амьдардаг.

Ингээд “Монголын анд нөхдийн холбоо“ оросын найрамдлын нийгэмлэг байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан манай уралдааны бүх ялагчид болон шагналтнуудыг тодрууллаа. Уралдааны дүнг дахин нэг бус удаа манай нэвтрүүлгүүдээр танилцуулах болно. Та бүхэн уралдааны дүнг манай “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн www.mongolianruvr.ru сайтнаас уншиж, танилцаж болох юм. Шагнал гардуулах ёслол ирэх 10-р сард Улаанбаатар хотод болно. Ирэх 9-р сард бид нэвтрүүлгээрээ тодорхой өдөр, цагийг зарлана. Харин одоо уралдааны ерөнхий шүүгч “Монголын анд нөхдийн холбоо” нийгэмлэгийн тэргүүн ЗХУ-ын хоёр удаагийн баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисгэгч Виктор Горбатко манай микрофоны өмнө ирээд байна.

“Монголын анд нөхдийн холбоо” найрамдлын нийгэмлэгийн түүхэн 55 жилийн ойд зориулж явуулсан уралдаанд түрүүлсэн болон тусгай шагнал хүртсэн эрхэм хүндэт нөхдөө! Та бүхэнд чин сэтгэлийн баяр хүргье! Та бүхнийг энэ уралдаанд оролцсон явдалд талархал дэвшүүлье. Та бүхэнтэй УБ-т шагнал гардуулах арга хэмжээн дээр уулзана гэж найдаж байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсэн ерөөе!

Та бүхэн шүүгчдийн бүрэлдэхүүний тэргүүн Виктор Горбаткогийн яриаг сонслоо. Эрхэм нөхдөө! Бид та бүхнийг шагнал гардуулах ёслолд оролцохдоо өөрсдийн төрөл төрөгсөд, найз нөхдийн хамт ирэхийг урьж байна. Түүнчлэн манай “Оросын дуу хоолой” радиогийн сонсогчдын “Найрамдал” клубын эрхэм гишүүдийг урьж байна. Монголд уулзатлаа баяртай!