Өнөөдөр “Оросын дуу хоолой” радиогийн “Танд зориулсан хөгжим” хөтөлбөрт та бүхнийг оросын нэрт дуучин Варваратай танилцуулна. Түүний дуунууд нь ямар нэгэн уламжлалт хэлбэрт огт баригддаггүй. Учир нь түүний хөгжим бол янз бүрийн чиглэлүүдийн нарийн нэгдэл.

Варвара өөрийн “Летала, да пела” /”Нисэх зуураа дуулж байсан” /дуугаар өнөөдрийн хөтөлбөрийг нээж байна.(Дуу)

Варвара гэдэг нь түүний нууц нэр юм. Жинхэнэ нэр нь Елена Тутанова.Тэр Москва орчмын Балашиха хотод төрсөн. Өвөөгийнх нь бэлэглэсэн хуучин аккордеон охиныг хөгжимд дуртай болгожээ. Тэр багаасаа жүжигчин болно гэж мөрөөдөж байжээ.

Варвара москвагийн Гнесиныхны нэрэмжит хөгжмийн сургуулийг төгсөөд Театр урлагийн дээд сургуулийн “хөгжимт театрын жүжигчний “ мэргэжлээр үргэлжлүүлэн суралцжээ.

1991 оноос Варвара эстрад-хөгжмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн тэр өөрийн байгуулсан “Варвара “ арт-төвийн уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Түүнчлэн түүний 2001 онд гаргасан анхны цомог нь бас “Варвара” нэртэй. Дуучин бүсгүйн ярьж байгаагаар “Варвара” цомгоо өөрийн нэрийн хуудсаа гэж үздэг байна. (Дуу)

Өөрийн концертын хөтөлбөртөө тэр угсаатны хөгжим, шүлэг болон дэлхийн янз бүрийн орнуудын хэл дээр дуулсан дуунуудыг оруулахыг хичээдэг. Тэр “Истоки” нэртэй шоу тоглолтоороо эртний болон орчин үеийн, бөөгийн болон христийн шашнуудын, Дорно зүгийн хосгүй төгс сайхныг Хойд зүгийн гоо үзэсгэлэнтэй гайхалтай хослуулж чадсан байлаа .

2009 онд Варвара Лондонд болсон оросын соёлын наадамд оролцсон бөгөөд тэнд “Грёзы” шинэ хөтөлбөрөө өргөн барьсан. Үүнд хамгийн шилдэг дуунууд байхын зэрэгцээ якутын хонх, Хойд Кавказын үндэсний бөмбөр болон оросын эртний эврийн аялгууны гайхамшигтай найруулгыг сонсох боломжтой байв.

Варварагийн хамгийн дуртай “Варвара” зохиомжийн “Грёзы” дуугаар хөтөлбөрөө өндөрлөж байна. (Дуу)