БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун японы солонгосчуудад бараг 2 сая доллар гуйвуулав. Ким Ир Сений мэндэлсний 101 ойг тохиолдуулан ийм том бэлэг өргөжээ. Японд солонгос хүүхдүүдийн үндэсний боловсролыг дэмжихээр мөн хөрөнгө гуйвуулсан гэж албан ёсоор мэдээлсэн байна. Энэ нь 159 дэх удаагаа хөрөнгө гуйвуулсан үйл хэрэг хийгээд нийт 72 сая гаруй доллар гуйвуулсан тухай умард солонгосын мэдээллийн агентлаг уламжлав.

Москвад суугаа БНАСАУ-ын ЭСЯ мөн мэдээллийг бидэнд батлахаас татгалзав. Японы банкууд ч ийм мэдээллийг нууцалдаг. Тэгвэл энэ хөрөнгийг чухам хэнд гуйвуулсан бэ?

Янз бүрийн тоо баримтуудаас харахад 600-800 мянган солонгос хүн Японд суудаг. Солонгосын хойгт хоёр улсыг цогцлон байгуулснаас хойш эндхийн солонгос хүмүүс ч хоёр хэсэгт хуваагдав. БНСолонгос Улсын талынхан «Миндан» байгууллагад нэгдэж, БНАСАУ-ыг дэмжигчид «Чхонрён» байгууллагын гишүүд болсон юм.

Дээрх хөрөнгө «Чхонрёнд» л гуйвуулсан бололтой. Тус байгууллага Хятад ба Японд өөрийн боловсролын хороо, боловсролын байгууллагуудын сүлжээ болон үндэсний уламжлал, «чучхэ» үзэл суртлыг сурталчлах олон нийтийн байгууллагуудтай юм. Түүнчлэн оюутан залуучууд, эмэгтэйчүүдийн эвлэл, эрдэмтэд ба соёл урлагийн зүтгэлтнүүдийн нийгэмлэгүүд тус байгууллагад захирагддаг.

«Чхонрёны» сургуулиудад хүүхдүүдэд БНАСАУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран зохисон тусгай хөтөлбөрөөр солонгос хэлээр хичээл заадаг. Мөн БНАСАУ-ын хяналтад байгаа Солоногосын их сургууль Японд ажиллаж байна. Гэвч японы эрх баригчид их сургуулийн дипломыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхгүй байгаа хийгээд төгсөгчид нь Японд ажилд орох хязгаарлагдмал боломжтой юм.

Япон, Умард Солонгос улсууд дипломат харилцаагүй байна. Японы ГХЯ-аас зарим хүмүүст тухайлбал тамирчдад виз өгдөг. Эндхийн солонгос хүмүүсээс БНАСАУ-д хязгаарлагдмал хэмжээний хөрөнгө гуйвуулж мэднэ. Энэ нь Япон дахь солоносчуудын «5-р цуваа» буюу хорлон сүйтгэх байгууллага биш үү гэж Японд суудаг Такусёку их сургуулийн профессор Василий Молодяковоос асуухад тэрээр

«Японы ХМХ-үүд «Чхонрёг» Японд суугаа Умард Солонгосын төлөөлөгчдийн албан бус газар гэдэг. «Албан бус төлөөлөгчдийн газар гэх нь «5-р цуваа» гэгчтэй адилхан бүрхэг утгатай томъёо юм. Мөн байгууллага Японд суугаа Умард Солонгосыг дэмжих солонгосчуудыг нэгтгэсэн нь тод зүйл. Нэг үе түүнд санхүүгийн түвэг бэрхшээл тулгарсан. Шүүхийн шийдвэрээр Токио дахь Төв байраа худалдав.

Өртэй байгаагаа хүлээсэн боловч өрөө японы эрх баригчдын улс төрийн шахалтын үр дагавар мэтээр харуулжээ. Японд суудаг олонхи солонгос хүмүүс ялимгүй орлоготой. Боловсролын талаар ч тийм байна. Иймээс мөнгөн тусламж шаардагдсан. Харин БНАСАУ-аас мөнгө үнэн хэрэг дээр гуйвуулсан үгүйг мэдэхгүй байна» гэв.

Дипломат харилцаагүй Япон, Умард Солонгосын хоорондын харилцаанд хямрал гарсан боловч чухам эдгээр солоногос хүмүүс хоёр улсыг холбох нэг ёсны гүүр болсон. Япончуудын нэг хэсэг нь «Чхонрёгийн» талаар аядуу байр суурь баримталж байна.

«Япон улс урьдын колоничлолын гэм бурууг солонгосын ард түмний өмнө хүлээх ёстой гэж японы зүүний хүчин үзэж байна. Иймээс тэд «Чхонрё» байгууллагын үйл ажиллагааг тэвчиж байна. Байгууллагыг дэмжихгүй байсан ч ардчилсан нийгэмд хуүмүүс японы хууль зөрчихгүй бол үзэл санаагаа илэрхийлэх, үйл ажиллагаагаа сурталчлах эрхтэй хэмээн үздэг.Өөрөөр хэлвэл Умард Солонгосын дэглэм таалагдахгүй байсан ч япончууд гэм буруугаа ухамсарлаж байна» гэж Василий Молодяков хэллээ.

«Солонгосын мэдээ» солонгосын Интернет-хэвлэл Японд ажиллаж байна. Тэр БНАСАУ-ын албан ёсны байр суурийг тусгаж байгаа боловч дэлхийд хаалттай Умард Солонгосоос ямар нэг мэдээлэл авах эх сурвалж болсон юм.